2014-03-25

Иргэний нийгмийн филосфийн түүх ②

 Иргэний нийгмийн филосфийн түүх, олон сэтгэгчдийн үзэл, дэвшүүлсэн санааг ярьхаас өмнө http://www.smasjp.com/archives/2159 уг холбоост нийтэлсний дагуу өнөөгийн ойлголтын талаар үндсэн ойлголтыг өгсөн билээ.

 "Иргэний нийгэм" гэдэг маань орчин цагийн толь бичигт тайлбарлахдаа, "зүүн европ дахь хэмжээгүй эрхт засаглалын эсрэг орших иргэний бүлэглэл" хэмээжээ. Хэрвээ ингэж үзэх юм бол Иргэний нийгэм гэдэг маань иргэний бүлэглэл болж таарах нь. Үгийн сангийн баялаг ихтэй, олон талаар утгын тайлбар хийдэг Оксфордын англи хэлний толь бичигт "civil society = иргэний нийгэм" гэх догол мөх байсангүй. Өмнөх нийтлэлд иргэн болоод нийгэм гэх үгийн талаар тайлбар хийхдээ Я.Цэвэл гуайн толь бичгийг ашиглаж Монголд ойрхон ойлголтоор тайлбарлаж байсан бол, энэ удаад илүү түүхийн шинжлэл хийж байгаа тул Оксфордын англиас англи толь бичигт тус тусад нь хэрхэн дурдсаныг сонирхоё. Энд иргэн гэдэг үгийг тэмдэг нэрийн хувьд "Иргэнд харъяалагдах, иргэн оршин байх of or belonging to citizen" гэсэн бөгөөд жишээ өгүүлбэрт, 1592 онд бичигдсэн Шекспирийн алдарт зохиол "Ромео Жульетта" зохиолд гардаг "Иргэний цус civil blood иргэний гарыг civil hands бохирдуулахад" гэдгийг иш татжээ. Харин дараах жишээг  1594 онд (үнэндээ 1593 он гэдэг) хэвлэгдсэн, бурхан шашин судлаач Richard Hooker гуайн "Of the Lawes of Ecclesiastical Politie" буюу "Шашны байгуулгын засаглалын сургаал"-д "Иргэний нийгэм civil society бол, өөр өөрийн хувийн онцлогтой амьдралыг харьцуулж, илүү их сэтгэл ханамжийг хүн төрөлхтөнд өгөх юм" (OED 1989 p.255)гэж. 500 гаран  жилийн өмнөх энэ өгүүлбэр тодорхойлолтыг ойлгоход бичиж байгаа надад хүртэл тун бэрх байгааг ойлгоно уу. Гэтэл Richard Hooker ямар цаг үед амьдарч байсан, ямар учраас иргэний нийгэм гэх үгийг хэрэглэсэн гэдгийг мэдэх маш хэцүү байв. Харин түүний номны сүүлийн хэсэгт эртний Афины философич Аристотелийн "Politics" "Төрийн шинжлэх ухаан" номноос ишлэл авсан өгүүлбэр байх нь тэр. Англиар civil society гэж хэрэглэж байгаа уг үг маань үнэндээ латин хэлний Societas Civils  гэдгээс шууд орчуулагдсан болох нь ойлгомжтой боллоо.
 Иргэний нийгмийн талаарх ойлголт Аристотелийн "Төрийн шинжлэх ухаан"-с эхлүүлэн судлах нь зөв хэрэг болов уу. Уг номонд Аристотелийн хэлэх "иргэний нийгэм" дараах соёлын үед илрэх юм. "Бидний харж байгаагаар, Төр гэдэг нь бүлэглэлийн нэг хэлбэр юм. Ямарваа нэгэн нэгдэл бүлэглэл нь ямар нэгэн сайн сайхан зүйлийг зорилгоо болгон байгуулагддаг. Хэрвээ тийм бол мэдээж, бүх л бүлэглэл нь сайхны төлөө тэмүүүлэх болов ч, тэдний дунд хамгийн хүчирхэг бүлэглэл, мөн түүнээс бусад ойлголтыг нэгтгэсэн бүлэглэлүүд нь,  хамгийн сайн сайхныг төлөө бүхий л хүч чармайлтаа гаргах юм. Энэ нь Төрт засаглал буюу Улс төрийн бүлэглэл юм." Тиймээс Иргэний нийгэм гэдэг нь "Төрт засаглал, сахиулагч засаглал = police" болон, "хамтралын нэгэн төрөл" гэсэн илэрхийлэлтэй нийцэх юм. Улс төрийн хүрээнээс гадна Аристотель эдийн засгийн бүлэглэл буюу "Өрх = Oikos" гэж мөн онцолсон байдаг. Улс төрийн засаглалыг ярихын тулд эхлээд гэр бүлийн засаглалыг ярих нь зүйтэй. Учир нь гэр бүлийн засаглалаас улс төрийн засаглал ямар байх нь илэрдэг. Өрх гэрийн бүтэц нь гэрийн эзэн ба боол, нөхөр ба эхнэр, эцэг ба хүү, зэргийн харилцаанаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл Аристотелийн хэлэх гээд байгаа санаа нь, хүн төрөлхтний байгалийн жамаар бий болох гэр бүл өрх гэрийн бүлэлглэл байдаг ч түүнээс гадна "Хамгийн том нэгдмэл бүлэглэл"-н хувьд оршин тогтнон буй зүйл нь Төрт засгалал юм. Энэ засаглалт бүлэглэл нь хаа хамаагүй хүмүүсээс бүрдэх зүйл биш, эрх чөлөөт хүн болон боолын дарангуйлалт харилцаа, эрэгтэй болон эмэгтэйн дарангуйлалт харилцаа бөгөөд энэ нь байгаалиас заяасан хууль гэж үзэж байж.
  1438 онд Флоренцийн Энэрэнгүйн үзэлтэн Leonardo Bruni Аристотелийн "Төрийн шинжлэх ухаан" номыг шинээр орчуулан гаргасан нь бүх Европ даяар маш том нөлөө үзүүлж чаджээ. Willem Van Moerbeke гуай Bruni-гээс өмнө "Улс төрийн бүлэглэлийг" орчуулахдаа "Communicatio Politica" гэж байсан бол Bruni гуайн  шинэ орчуулгын хувьд хамгийн том онцлог нь "Иргэний нийгэм буюу Civil society" гэж шууд буулгаж, "Politicia" гэдгийг "Republica = Respublica" гэж орчуулжээ. Тэр нь ч өнөө үед өргөн хэрэглэгдэх үг болж ээ. Ийнхүү Бруни орчуулснаас хойш 15-р зуунд Флоренцед Бүгд найрамдах, Хүмүүнлэг гэсэн ойлголт хүчтэй дэлгэрч эхэлжээ.
 Dominique Colas гуайн хэлснээр бол "Төрийн шинжлэх ухаан" англи хэлнээ 1598 онд анх орчуулагдсан. Тэр нь Франц хэлнээс шууд орчуулсан орчуулга байж. Франц хэлнээс soci été civile нь англи хэлнээ гэж хэрэглэгдэх болсон нь уг орчуулгаас хойш гэсэн үг юм. Тиймээс өнөөдөр Civil Society гэж Иргэний нийгэм хэмээх ойлголт таржээ. Уг ойлголтыг анх гаргасан улс төр судлаач Аристотелийн үндсэн санааг ойлгосоны үндсэн дээр өнөөгийн иргэний нийгэм хаанаас ирсэн гэдгийг харахад илүү дөхөм, мөн цаашид ямар замаар явахыг ойлгож харах боломжтой болох юм. Энэ зөвхөн Европийн сэтгэгчийн үлдээсэн ном бичгээс үндэслэн иргэний нийгэм хэмээх ойлголтыг гаргаж ирж байгаа нь нэг талаар Азиудын хувьд хэт өрөөсгөл ойлголт болох нь бий. Тэр тусмаа манай Монголд. Харьцангуй өнөөдөр Монголын нийгэм зүүн Европийн 100 жилийн өмнөх магадгүй 200 жилийн өмнөх иргэншлийн байдалтай ойролцоо хэмжээнд байгаа гэж би дүгнэж байгаа нь муу хэрэг биш юм. Монголын хуучны нийгмийн шинжлэх ухааныг судлах материал ном судар тун ховор тул энэ удаагийн нийтлэлдээ дурдалгүй өнгөрч байгааг минь уншигч та харьцуулан бодох шаардлагатайг энд онцлон хэлэх нь зүйтэй хэрэг болов уу.
 Өнөөдрийн хувьд дөнгөж эхэн суурь тавигдсан энэ нийтлэлээ энд хүргээд өндөрлье. Үүнээс хойш Хоббс, Руссо, Фергусон, Смит, Хегел нарын талаар дурдахгүй өнгөрөхгүй байж болохгүй учир үргэлжлүүлэн бичих болно. Энд ашиглаж байгаа хүнийг нэрээр нь цааш дэлгэрэнгүй судлаасай гэсэн үүднээс нэрийг англи хэл дээр бичсэн байгаа.
Ашигласан материал
http://catdir.loc.gov/catdir/samples/cam031/00065176.pdf
http://en.wikipedia.org/wiki/Politics_(Aristotle)
植村邦彦(2010)『市民社会とは何か』平凡社新書

No comments:

Post a Comment