2014-12-01

Япон маягийн улс төр

 2014 оны 11 сарын 18-нд Япон Улсын ерөнхий сайд Абэ Шинзогийн хэвлэлийн бага хурал болсныг та бүхэн мэднэ.
“Гадаад орнуудад хийсэн айлчлал, Олон улсын байгууллагуудын уулзалт хурлаас эх орондоо буцаж ирээд Абэ Шинзо хоёр танхимт парламентынхаа Төлөөлөгчдийн танхимыг тараахаар шийдсэнээ зарлаж байна.
 Японы ерөнхий сайд парламентаа тараах эрхтэй, өөрийнх нь явуулж буй бодлогод бүрэн дэмжлэг байхгүй байвал парламентаа тараачихна, шинээр сонгууль явуулна, ингэж ард түмэн өөрийнх нь бодлогыг дэмжиж байгаа эсэхийг шалгана. Өөрийнх нь зөв байвал ард түмэн түүний талд ялалтыг өгнө. Эрсдэлтэй алхам бөгөөд өөртөө итгэлтэй хүний хийх ажил. Абэ Шинзо өөртөө их итгэлтэй байна. “Хэрвээ энэ сонгуульд эрх баригч эвсэл ялалт байгуулахгүй бол “би огцорно” хэмээн чанга хэлж байна” гэж Япон судлаач Төмөрбаатар гуай өөрийн фейсбүүк хуудаснаа бичжээ.

Мартагдсан тал

 “Bye Mongolia, Hi Darkhan”. Онигоо ч гэх юм уу, болсон явдал ч юм болов уу хэлж мэдэхгүй л юм. Хэн нэгэн Улаанбаатар хотоос гарахдаа “баяртай Монгол минь” гэж хэлээд, Дарханд очоод “сайн байна уу” гэж мэндэлж. Монгол улс ерөөсөө Улаанбаатар болоод, Улаанбаатараас бусад орон нутаг харь улсынх болоо юу даа гэж хэлэх гэсэн санаатай хөөрхөн богино сарказм ч байж болох л юм.
 Монголын хүн амын бараг л тал хувь буюу 1,372,000 хүн Улаанбаатар хотод аж төрж байна. Манай улсын хүн амын тоог харах гээд Үндэсний статистикийн хороогоор шагайтал “Монгол Улсын хүн ам удахгүй 3 сая болох гэж байгаатай холбоотой тооцооллын ажил хийгдэж байгаа тул хүн амын цагийг түр хугацаагаар хаав.” гэж байлаа. Тэгэхлээр 1,400,000 хүн бараг л хүн амын тал гэхэд алдсан тоо биш болно. Өнөөдөр хөдөөнийхөн болон далан зургаа гэдэг хүмүүс ерөөсөө бүх юмны буруутан болж дууслаа.