2014-09-27

Ерөнхийлөгч Японд

 айлчлал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 7-р сарын 21-нээс 24-ний хооронд Япон Улсад ажлын айлчлал хийлээ.
 Бидний мэдэж байгаа хүрээ л энэ. Гэвч айлчлалын эргэн тойронд үнэхээр юу болоод өнгөрсөн юм бол? 
 Аливаа дээд хэмжээний уулзалт улс төрийн зорилго агуулдаг нь гарцаагүй зүйл. Айлчлал эхэндээ Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлаар ярилцана гэж олонд тархсан нь манайхны бухимдлыг хүргэж олон нийт, тэр дундаа жиргээгээр нэг яриа болсон билээ. Японы хувьд 1977 оноос хойш нийт 17 иргэнээ Хойд Солонгост хулгайлагдсан гэж үздэг. Өнөөдрийг болтол яагаад хулгайлагдсан гэдэг нь тодорхой бус байдаг ч хэд хэдэн таамаг бий. Өмнөд Солонгост  Япон хүмүүсийг тагнуул болгох, мөн Япон хэл, шинжлэх ухааны ололт, соёлын ололтыг Япон хүнээр заалгах, Япон хэл сурч Японд тагнуул илгээх зэрэг явуулга Хойд Солонгост байсан болов уу гэж үздэг. 1977 оноос хойш анх удаа 2002 онд Хойд Солонгос “хулгайлсан” гэдгээ хүлээн зөвшөөрснөөр Япончууд иргэдээ буцаан авах чармайлтыг бүр ч эрчимтэйгээр гаргаж эхэлсэн. Ерөнхий оршлын хувьд сөхөхөд ийм. 
 Хамгийн энгийнээр тайлбарлавал Хойд Солонгостой аятайхан дипломат харилцаатай байж, үргэлж алтан дунджийг баримталдаг нь Монгол Улс. Салсан хосын зуучийн үүргийг бид хариуцлагатай гүйцэтгэж, зөв найраа явуулж чадан, Японд 17 иргэнээ буцаахад нь тусалчих юм бол улс төр болоод олон улсын түвшинд маш том тэмдэглүүштэй зүйл болох билээ. Жаахан бүдүүлгээр хэлэх юм бол эргээд юм гуйх нэр нүүртэй болно гэсэн үг. Гэвч үнэн хэрэгтээ манай Ерөнхийлөгч Японд ийм асуудлаар айлчилсан нь бидний олон талт харилцаанд сэв суухаар зүйл огтоос болоогүй.
 Дашрамд дурдахад Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудаст энэ талаар мэдээлэл, өгүүлбэр тун ховор ба хэт албаны, “дипломат” байсан тул Япон талын мэдээллийн сувгуудыг түлхүү ашиглаж буйгаа хэлье.
 Өнөөгийн бидний худалдаа, хамтын харилцаа ямар түвшинд байдаг вэ? Энэ удаагийн айлчлалын хүрээнд маш чухал хэд хэдэн хэлэлцээрт хүрснээс 7 сарын 22-нд үзэглэсэн хэлэлцээрийн агуулгыг хураангуйлъя. 2013 оноос бид хоёр улс стратегийн хамтын ажиллагаа хийхээр болж харилцаагаа шинэ түвшинд гаргасан. Манайх Японоос арван жилийн хугацаанд импортлох барааны нийт 96 хувьд татвараас чөлөөлөх, Японд экспортлох бүтээгдхүүнийг 100 хувь татвараас адил хугацаанд хөнгөлөх мөн чөлөөлөхөөр тохиролцлоо.
 Манай талд, моторын багтаамж 4500сс -ээс доош авто машиныг татвараас чөлөөлөх. Мөн жимс, цэцэг навч, мисо, цуу зэрэг зарим нэг хүнсний бүтээгдэхүүнд шууд хөнгөлөх болон үе шаттайгаар хөнгөлөх юм байна. Зарим нэг согтууруулах ундааг мөн татвараас чөлөөлөх тухай хамрах хүрээнд дурдсан байлаа.
 Харин айлын талд бид уул уурхайн бүтээгдэхүүн, ер нь бүгдийг нь айл маань 10 жилийн хугацаанд чөлөөлөх юм байна. Голчлон нүүрс, зэс, ховор металууд багтсан байв. Манайх Япон улсад нийт 30 орчим тэрбум төгрөгний бараа экспортолсноос 53 хувьд нь нүүрс нийлүүлдэг байсан. Мөн үхрийн махыг татвараас хөнгөлөх, тэжээмэл амьтны хоолыг мөн манай улсаас Японд хөнгөлөлттэй экспортлох боломжтой болжээ. Япон импортын үхрийн махандаа 38.5 хувийн татвар ноогдуулдаг. Өндөр байгаа биз, энэ юу ч биш будаандаа 778 хувийн татвартай байсан. Өнгөрсөн жилээс 280 хувь болтол буулгасан нь дотоодын эдийн засаг, тариачидаа айхтар хүчтэй хамгаалж буй том эдийн засаг бүхий хүчтэй улс гэдгээ харуулж байна. Бидний үхрийн маханд 38.5 ноогдуулдаг татвараа буруулах төлөвтэй байна.
 Манайх машин үйлдвэрлэдэггүй юм болохоор 100 хувь татвараас чөлөөлөх нь эсрэгээрээ бидэнд, “хувь хүнд” их ашигтай. Хямдхан машин авна. Өнгөрсөн жилд л гэхэд нийт 498 орчим тэрбум төгрөгний бараа бүтээгдэхүүн манай хил даван Японоос орж ирсэн. Үүний 66.4 хувь нь авто машин байдаг. Өмнө нь бид тийм их биш ч гэсэн тавхан хувийн татвар авто машинд ноогдуулдаг байсан. Түүн дээр онцгой албан татвар тус тус бодогдоно. Хэрвээ манай улс тодорхой татварын хяналттай, цогц, төгс бодлоготой бол, НӨАТатвараар улсдаа төсөв болгон шингээн авч олон нийтэд хүртээлтэй хуваарилалт хийх боломжтой болов ч, хар зах дээр машиныг их л замбараагүй үнэ хаялцан өгч авалцдаг. Улсын төсөвт их л сонин тусах болов уу.
 Мөн дурдагдахгүй байхын аргагүй нэг зүйл нь хөрөнгө оруулалтын тухайд Японы хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс Хөрөнгө оруулагч болон тухайн улсын төртэй маргаан үүсэхэд шийдэх конвэнц болох Investor-State Dispute Settlement ISDS-р шийдвэрлэх тухай мөн яригдсан.
 Ажлын айлчлалын хүрээнд, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо КEIDANREN(経団連)-тай  хамтран зохион байгуулж буй Монгол, Японы Бизнес форум боллоо. Форумд Монголын талаас 130 гаруй, Японы талаас 180 гаруй төлөөлөл оролцсон нь уналтад ороод буй хөрөнгө оруулалтыг Японоос татах нэгэн шинэ гарцыг нээсэн болов уу хэмээн үнэнхүү найдаж байна. Мэдээж улс хоорондын дээд түвшний уулзалтаар үзэглэнэ гэдэг шууд батлагдсан гэсэн үг биш бөгөөд, хоёр тал тус тусын их хуралдаа өргөн барьж, хуралдан хууль дүрэм журмыг баталснаар хүчин төгөлдөр болдог учиртай. Японы Гадаад харилцааны яамны цахим хуудаст хамтын ажиллагаан тухай журам бичиг ил тод гарсан байгааг гүйлгэж харлаа. Одоогоор 13 улстай эдийн засгийн хамтын ажиллагааг явуулдаг бөгөөд нэмж 12 улстай хэлэлцээрийн түвшинд байгаагийн нэг нь манайх юм байна. Бидний хувьд EPA буюу эдийн засгийн хамтын ажиллагаатай анхны улс бол Япон билээ. Япон энэ сарын 7-нд Австрали улстай 13 дахь улсаар зуузай холбосон. Манайх 14 дэх улс нь байлаа гэж бодоход өрсөлдөгч бий шүү гэсэн үг. Бид маяглаад нүүрсээ гаргахгүй гэвэл хэнд ашигтай байх нь вэ гэвэл Австралид л ашигтай байх нь. 
 Орж ирэх машин хямдхан болох нь сайхан хэрэг. Үнэндээ Японоос авах үнэ өөрчлөгдөхгүй. Илүү их машин татваргүйн далимаар орж ирнэ. Хог ч орж ирж мэднэ. Японд ашигтай. Гол нь Японы хувьд хэдэн хуучин машин зарах нь “үнэндээ” тийм ч чухал биш. Том улсад жижигхэн зүйл шүү дээ. Хуучин машинаар бидэнтэй тогтвортой эрчим хүчний нийлүүлэгч болооч хэмээн урьж байна. Гуйж байгаа дээр нь сайн өгөх хэрэгтэй. Аравхан жил гэдэг нэг талаараа богино хугацаа. Арван жилийн дараа магадгүй нүүрс шиг хэрэггүй зүйл үгүй болж, боловсронгуй өндөр технологи олж нээж мэдэх улс. Ер нь бол нээчихсэн. Хэрэглээнд нэвтэрч эхлээгүй л байна. Манайд бензин колонк гэж байдаг бол Японд машинаа цэнэглэ гэсэн цахилгаан колонк хаа сайгүй л байх болж.
Эдийн засгийн хамтын ажиллагаа сайхан зүйл л дээ. Нэр нь ч гэсэн их гоё. Бид нар даанч зорилгыг нь ягштал ашиглаж, утгаар нь хэрэгжүүлж чадах нь эргэлзээтэй. Юм л болонгуут нэг тал руу хэтэрхий гүйж одоод нөгөө хэсэгтээ дахин хэзээ ч очихгүй юм шиг хаяж явах нь хэр зөв бол? Нүүрсээ зараад гайгүй сайхан хөлжиж болох л байх. Харин хэр ухаантай зарцуулах юм бол доо? Баялгаас ч нэг болж байна даа!
Нийтлэгч Б. Тэлмэн Кочи их сургууль 4-р курс, Кочи аймаг, Япон улсРедактор Б.Хишигмаа
https://www.facebook.com/telmenbhttp://btelmen.blogspot.jphttps://twitter.com/telmen_mgl
2014.07.28

No comments:

Post a Comment