2014-03-25

Сүүлийн бүтэн өдөр АНУлсад

 Өнөөдөр Бостонд өнгөрүүлж байгаа сүүлийн бүтэн өдөр минь. Аавын найз ахынд бүтэн өдөржингөө сайхан амарч байна. Ах маань энд гэр бүлийн хамт байдаг. Аавын маань багын найз юм билээ. Олон жил энд хувийн бизнес эрхэлэн байгааг нь дуулаад бахархаж байлаа. Энд ирээд л мэдсэн нь сонин гоё тохиол юм шүү. Ах коофийнд их дуртай байдаг нь яасан сайхан хэрэг вэ, би коофий ханаталаа ууж чадна. Ер нь коофий уухаар л их сайхан бичих урам сэдэл ороод явчихдаг хачин жигтэй гэдэг нь. 

 Өнгөрсөн долоо хоногт Ниагарагийн хүрхрээг очиж үзлээ, тэрний өмнөх долоо хоногт нь Нью-Иорк болон, Питсбургт очоод ирлээ. Энэ сонин сайхан болоод, сүүлийн өдрөө энэ эрх чөлөөний орон гэх Америкийн талаарх нэг хураангуй бодлоо базахаар сараачин сууна. 

 Хүн болгон Нью-Иоркийн гоё сайхныг магтан шогширч, түүнээс илүү гайхамшиг байхгүй аятай ярина. Магадгүй загвар, урлаг, дуу уран сайхан хаанаас эхлэж байна тэндээс төрж байна. Надад яг үнэндээ тэр хот ер таалагдаагүй. Тэр тусмаа Манхатан буюу яг гол цөм нь. Хэдэн өндөр шилэн байшин. хогтой гудамж, өмхий метро. Бас эвгүй эвгүй аймар хувцастай аймар хүмүүс нь нэг л тавгүйтуулна. Би Нью-Иорк гэхээр л "ханат" гудамж буюу Воол стрийт явах юмсан гэж их боддог байсэн. Нэгэн удаа 1929 оны Ханат гутамжийн үнэт цаас огцом унасан "Хар Мягмар гариг" өдрийн тухайх баримтат кино үзээд Нью-Иоркийн хөрөнгийн биржийг л харчих юмсан гэж бодож явсан минь биелэлээ оллоо. Тэр өдөр азтай байж таараад, Америкийн санхүүгийн түүхийн музейг үнэгүй явж ороод үзсэн. Түүний дараагаар Брууклиний гүүрт очсон, тэгээд надад үнэхээр таалагдсан. Яагаад таалагдсанаа зургаар харуулна аа. 13 жилийн турш баргидаж 1883 онд ашиглалтад орсон уг гүүр надад гайхамшгийг мэдрүүлнэ. 131 жил ингээд сүрлэг том 1825 метр урт гүүр байж байх гэж. Машин зам, түүний дээгүүр явган хүний зам байх бөгөөд, явган хүний замаар салхи сөрөөд алхах бас л таатай санагдсан шүү. Тэнд дугуйтай, жингээ хасах гэсэн, жингээ барьж байгаа, аялагчид, амраг хосууд ерөөсөө зөндөө хүн зөрөн алхана. Яг голд нь сайхан сандал байдаг юм билээ. Цаг гаруй зөрж өнгөрөх хүмүүсийг ажиглан харж, ойр зуур зураг дурандаж суух нь ч янзтай сайхан. Тэр өдөр би үүрээр таван цагт цуутай энэ хотод буугаад шөнийн арав хүртэл зугаалах төлөвлөгөөтэй байсан. Өдрийн хоолны цаг болчихоод байхад суугаад л баймаар байсан тэр гүүрийг яах аргаггуй орхин явж хоосон ходоодоо баясгах гээд хоолны мухлаг хайж гарлаа. Амьхандаа арван ногоонд багтаагаад идчихмээр байдаг. Цуутай энэ хотын өртөг гэж тамтаггүй. Явсаар явсаар Цэнтрал паарк буюу төв цэцэрлэгт хүрээлэнгээс жоохон уруудаад байх Итали хоолны газар бөөрөнхий махтай шпагээтий идсэн. Манхаатаны гудамжууд их ойлгомжтой урдаасаа хойш дугаарлагдсан, жижиг дөрвөлжин блокуудтай байх юм билээ. Хаашаа л харна "I love NY" гэсэн бэлэг дурсгалын дэлгүүр. Маш их байхыг бодоход маш их жуулчид тэр хэмжээгээрээ ирдэг бололтой. Гудамжаар алхаад явж байтал LOVE гээд нэг дөрвөлин улаан хөшөө маягийн юм байдаг даа, түүний өмнө гэрлэх санал тавьж байгаа яг тэр агшинг харах догдлом сонирхолтой. Тэр хоёр хос миний өмнө энэ насны ирээдүйгээ шийдчихлээ гэж үү? гэж бодсоор цааш алхлаа. Цааш алхдаг нь Төв парк дундуур жаал зугаалах санаатай яваа нь тэр л дээ. Төв паркийн төв дунд Метрополитан хэмээх уран сайхны түүхийн музей бий. Үнэндээ нэг өдөр үзээд барчихдаг газар биш байна билээ. Дор хаяж гурван хоног үзвэл яг сайхан санагдлаа. Надад уран зургийн хэсэг л хамгийн их сонирхол татаж байсан тул тэр хэсгээр нь хэд хэд бүтэн эргэлдэж нэг гоо сайхны мэдрэмжээ цэнэглэж авах шиг. Нэг мэдсэн харанхуй хэдий нь болж. Автуусанд суух цаг маань ч дөхсөн байна. Харанхуйд Таймас Скүэрт очих бол янзтай байдаг гэсэн. Тэгээд очих замдаа Эмпайяр стейт ороод гарах гэтэл гучин ногоон хэрэг болдог юм билээ. Үүдний хамгаалагчтай нь хамт сүүдрээ татуулаад цаашиллаа. Үнэхээр тэр таймас скүэр бол гэрэл гэгээ цацарсан өдөр шиг гудамж байлаа. Яасан ч их хүн байв. Яг үнэндээ тэр гудамжинд бол тухтай хоол ч идэж болохгүй, тухтай зогсоод амьсгаа ч авахад ээдрээтэй газар юм билээ. Стресстсэн гэж. Мунгинасаар Нью-Иоркоос Питсбург зүглээд арван цагийн автуусандаа суугаад явлаа. Олон хүний хүсэл болсон газар оччихоод гоочлоод байх тийм таатай яриа биш. Мэдээж тэр хотод сайн сайхан гайхалтай зүйл маш олон. Хүн болгон сайн сайхан гоё талыг нь яриад байхад би ганц хоёр гундуу юмыг нь бичлээ. 

(Зурган дээр дарж vзвэл томоор vзэж болно, гэхдээ доорх тайлбар нь харагдахгvй гэмтэй)
Нью-Иоркийн хөрөнгий бирж 

9.11-ны дурсгалын суурь
Брууклины гүүрнээс ойрхон байх хуучны гудамж,
Америкт нэг удаа гээд киног их санагдуулж билээ

Хосууд энэ гүүрэн дээр цоож түгждэг юм билээ
Өөрийнхөөрөө санаа амар гүйсээр л...

эмпайяр эстейт
Эмпайяр стейтийн  хамгаалагч
Таймас скүэр
 Хоёр дахь шөнө автуусанд. Би үүрээр Нью-Иоркод очсон гэдэг маань Бостонгоос шөнөжин автуусаар явж очсон болохоор тэр юм. Буудалд хонох мөнгөө гудамжинд хонолгүйгээр гайхалтай хэмнэх арга энэ байх. Гэм нь жоохон ядрана. Өглөө долоон цагт Питсбургт буулаа. Үнэндээ бүтэн өдөржин Нью иоркоор зугаалсан болохоор аргаггуй ядарч байлаа. Энд ирсэн маань арван жилийн Япон хэл, амьдралын минь багштайгаа уулзах байсан юм. Багш маань намайг ид "мангар" байхад олон юм хэлж зааж зөвлөж байсан маш дотны маань хүн. Япон явах  олон үе шат, шалгалт дарамт ачаалалд байсан тэр үеэ гэнэт саналаа. Би ахлах сургуулиа төгсөөд эхний жилээ Японы их сургуульд орж чадаагүй юм. Дараа жил нь гүрийж байгаад орсон л доо. Тэр хоёр жил түүнээс ч хойш үргэлж хамгийн гайхалтайгаар сэтгэлийн дэмжлэг өгдөг багштайгаа энд ирээд уулзахгүй буцна гэдэг бол миний хувьд байж боломгүй зүйл. Багш маань ч гэсэн надтай уулзана гээд маш их догдолсон байгааг хараад би ч баярласан гэж дэндүү. Өглөө эрт очтол аарцтай будаагаар намайг дайлахад ойрд аарц идээгүйн дээр миний аарцанд дуртайг хэлэх үү янзтай. Шууд нойр хүрээд л явчихлаа. Тэгээд хоёр цаг унтаад нойр аваад, багштайгаа сайхан хов жив ярьж гарлаа. Хуучны дурсамж, өөрийнхөө хэр их өөрчлөгдсөнийг сонсож, тэрхэн зуур магтуулаад авах надад бас л сайхан. Хүндэлж хайралж явдаг хүнээсээ магтаал урмын үг сонсох шиг бахдалтай зүйл байдаг болов уу? 

 Пэнсилваань мужийн Питсбург хотыг төмрийн хот гэдэг юм билээ. Төмрийн үйлдвэр байсан бөгөөд Детройт дампуурсантай адилхан дампуурангаа алдсан хот гэсэн. Ерөөсөө л төмрөөр урлаж, бүтээсэн зүйл дэндүү олон. Гүүрэн хот ч гэдэг гэсэн. 500 орчим гүүр Питсбургийг тойроод байдаг нь бас арай л дэндүү байгаа юм шүү.  Өдөр нь Карнэги Мэлон их сургуулийн хотхоноор орж  нүдээ унагав. Багшийн нөхөр нь энд сурдаг болохоор надад сургуулийнхаа танилцуулгыг ёстой сайхан хийж өгсөн. Ер нь бол компьютер, электроны инженээрийн сургууль нь АНУлсдаа их томдоо ордог. Түүний дараагаар маш сонирхолтой сүмийн загвараар баригдсан хичээлийн ангиудад очиж үзлээ. Их өндөр байшин байх агаад, 1830 онд байгуулагджээ. Бас л шүтмээр газар байна. Олон хичээлийн анги танхим нь улс улсын соёлыг шингээсэн сонин содон хийцтэй өрөөнүүд байв. Тийм гоё гойд газар сурч суралцах маш гоё байх нь гарцаагүй. Хорин долоон улсын өрөө танхимын дунд Монголын гэр хийцтэй танхим байсансан бол бас сайхан даа гэж бодож явсан.

 Тэр өдөр санаандгүй тэнд байх Монгол айлын охины төрсөн өдөр болоод багшийнхаа гэр бүлийн хамт тавуулаа очлоо. Тэнд гол нь сонирхолтой болсон хэд хэдэн юм бий. Гэрийн эзэн ах алтан Чингис архины "Чингис" гэж бичсэн үсгийн шрифтийг арван жилдээ найзтайгаа хамт зурж байсан гэсэн. Тэгээд найз нь алтан Чингис архины дизайныг хийхдээ яг тэр чигээр нь хуулж наасан гэнэ дээ. Сайн харвал гар бичиг гэдэг нь харагддаг юм билээ. Тэнд олон Монголчууд цугларсан. Тэр дунд нэг залуутай гэрээс гарахын өмнөхөн яриад зогсож байтал их санаандгүй байдлаар миний энэ нийтлэл тэмдэглэл дээр гарсан түүхтэй холбоотой залуу болж таарав. Ерээд онд хамгийн анхны бейсболл багт тоголж, Японд тэмцээнд очиж байсан нь намайг  энэ залуутай холбосон юм. Өөрийнх нь тухай кино гарсныг дуулаагүй байсан болохоор маш их сэтгэл нь хөдөлж билээ. 
Суурь багштайгаа

Тэнгэр өөд хэмээх Карнеги их сургуулийн дунд байх хөшөө.
 Миний авсан зураг муу байсан тул өөр хүний зураг орууллаа
За энэ өнөөх Катэдрал гэдэг олон улсын өрөөтэй тансаг газар
Швейцар улсын хичээлийн танхим
 Ингээд тэр долоо хоногийн амралт шөнийн автуусандаа оройн 10 цагт суугаад Бостон маргааш өдөр 11 цагт буугаад дууслаа. "Гурван шөнө автуусанд" гэдэг аялал байлаа. 

 Бостонд даваа гаригт буцаж ирээд миний хичээлийн сүүлийн долоо хоног эхэлсэн юм. Би ер нь хичээлийнхээ талаар бичиж байгаагүй юм байна. Энд зургаан долоо хоногт Харвардын өргөн чөлөөнд байх хэлний сургуульд элдэв улсын оюутнуудтай хамт байлаа. Азиудаас өөр улстай харьцаж үзээгүй надад тун сонирхолтой байх нь тэр. Хүний сайнтай нь нөхөрлө гэж яасан үнэн vг вэ? Би их олон хүнтэй харилцлаа. За тэгээд өөрөө учир эвээ олоод нөхөрлөөд явахад аль газрын тэр гэхэв. Хаа газар сайнтай муутай хүн бий. Олон улсын хувьд би дандаа л анхных нь Монгол залуу байсан. Монголчуудыг дажгүй хүмүүс гэж бодсон байхаа гэж би давгүй итгэлтэй байгаа. Хичээлийн сүүлийн өдөр батламжаа аваад, багш ангийнхантайгаа оройн хоол идсэн. Түүний дараагаар орой арван нэгэн цагаас Ниагара явах найзуудтайгаа цуглах болзоотой. 

Белги, Хятад, Солонгос, Турк, Колумб, Монголчууд Америк багштайгаа 
Оройн хоолонд Мексик хоолны газар.
За энэ бол Харвард өргөн чөлөө. 
 Би Ниагараруу явахын тулд яагаад шөнө арван нэгт цугалж байгааг сайн ойлгоогүй юм. Тэгтэл   найман цаг машинаар давхидаг газар байж л дээ. Бид явсаар өглөө есөн цагт буудалдаа очлоо. Буудал маань гурван цагаас хүлээж авна гэж жоохон гонсойлгоод тэр болтол хотоор зугаалцгаахаар болов. Ямар ч төлөвлөгөө байсангүй. Юу ч гэсэн Ниагараг очиж харлаа. Тэнд нэг ч хүн байсангүй. Амралтын өдөр, хүйтэн өдөр, өвөл болохоор тэр хот хоосон дүмбийнэ. Голын цаана Канад сүрлэг хөгжсөн харагдана. Америк тал нь үнэндээ миа. Замын-Үүд Эрээн хоёр аятай. Канад ороход вийз хэрэгтэй тул орж чадалгүй Америк талаас нь харлаа. Канад талдаа илүү үзэсгэлэнтэй гэсэн. Яг тэр хүрхэрээ гүүрээр энэ хоёр улсыг хиллэдэг юм билээ. Гурван цаг хүртэл цаг нөхцөөж ядан акуариум очиж үзлээ. Тэгээд буудалдаа нэг юм ирцгээв. Гол нь шөнөжин явцаасан хүмүүс үнэхээр унтахын түүс болсон нь тэр. Бид ороод л тас тас үсрээд өгөв. Орой найман цагаас гарч шөнийн хүрхрээг үзэхээр гарцгаалаа. Шөнө бас л сүрлэг юм билээ. Ер нь өвлийн улирал мөс, цас, гол ус хүрхэрээ аймаааар сүртэй сүрдэм. Ер нь тэгээд л зугаалга дуусчихаж байгаа юм. Оройн хоол идэцгээгээд замын дэлгүүрээс хөзөр аваад буудалдаа очиж хэсэг тоглоод унтацгаалаа. Маргааш өдөр буцаааад л Бостонруугаа шогшин гарав. Буцах замд жолооч залуу маань хэсэг хурд хэтрүүлээд явтал цагдаа ах зогсоогоод. За бид нар баларсаан гээд л сандралдаад байж байтал аялалын хамгийн хөгжилтэй юм болно. Цагдаа ах цонхоор үнэхээр гайхсан царайтай шагайж харсан даг. Яг тэр мөчид жолооч  хар залуу Гайтид төрсөн Швейцар иргэн, би ази Монгол залуу, Франц цав цагаан охин, Латин америк Колумб бор охин, Сауди Араб бор залуу гээд таван тивийн таван өөр залуус машинд сууж байсан юм. Аргаггуй гайхсан цагдаа та нар хаанаас ирсэн юм бэ гэхэд бидэнд хэлэх үг олдохгүй "Хаа сайгүй" л гэсэн. Цагдаа ах Бостон явж байгааг минь мэдээд, инээд алдангуй "Та нар азтай байна шүү, би Бостонгийн Рээд Сокс бейсболын багийн улаан фэн, болгоомжтой явцгаагаарай" гээд жолооны үнэмлэх буцааж өглөө. Нээрэн үнэхээр азтай. Тэгээд цагдаа ах машинаараа хажуугаар гүйцээд түрүүлж гарахдаа машинаасаа Рээд Соксийн цүнхээрээ бидэнд харуулаад мэндчилсэн юм. Ийм нэг хөгжилтэй явдал болсон, урт холын замд ядарсан "хоёр шөнө машинд" гэдэг аялал дууслаа. 



Сүнстэй хот гэмээр
өөрөө өөрийгөө авсан гэхэд муугүй байгаа биз
за тэр цаана Канад харагдаж байна. 


 Ийнхүү ачаа саваа баглаад, ахын гэрт өдөржин ширээний ард аялалын тэмдэглэлээ бичин суулаа.

 Америк бол "Эрх Чөлөө"-ний орон. Үнэхээр тийм юм. Би чухам энэ эрх чөлөө гэдэг нь юу юм бол гэж эргэлзээ таамагтай анх энэ улсыг зорьсон. Түүнийхээ хариуг ч бараг л олчих шиг боллоо. Эрх чөлөө ч юм уу, эрх дур ч юм уу гэсэн энэ хоёрын хооронд түмэн ялгаа байна. Америкууд өөрөө өөртөө үнэнч, өөрөө өөртөө үнэхээр эрх чөлөөтэй улс юм. "Үнэн байна гэдэг хамгийн эрх чөлөөтэй шүү дээ" гэж аав маань хэлж байсантай ан цав яг таарах нь тэр. Тийм ээ үнэхээр үнэнч үнэнээрээ байдаг, түүндээ хэнээс ч зовохгүй байдаг тийм эрх чөлөө юм байна. Чиний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэдэг. Тийм ерөөсөө л тийм. Манай Монголд бол "Чиний эрх чөлөө бусдын эрч чөлөөнд халдана" гэсэн байдлаар тодорхойлчиход гэмгүй юм билээ. Манайхан Америкуудыг худлаа инээсэн хуурамч худал хүмүүс гэдэг. Гэхдээ тэд өөрөө өөртөө үнэн аз жаргалтай эрх чөлөөтэй байдаг. Тэд бусдын өмнө хэзээ ч нэрээ бодно гэдэггүй, хэзээ ч нэрэлхэхгүй хааяа дэндүү гэмээр хэнэггүй, өөртөө дэндүү бардам байдаг. Харин эргэн тойрондоо гай болох нь юу л бол. Харин бид бол бусдын өмнө нэрээ бодох, нэрэлхэх, хуурамч хэд хэдэн нүүр гаргана, тэр маань өөрөө өөрийнхөө "эрх чөлөө"-г хааж боож байгаагийн тод илрэл юм биш үү? Гэхдээ энэ манай нийгэм буруу балмад гэсэн үг огтоос биш л дээ. Бидний байгаа байдал л ийм. Бидний нийгэм угаасаа л тийм. Бид өөрчилж болно. Өөрчлөхгүй ч байсан болно. Өөрчилмөөр байвал "утгаар" нь өөрчлөх хэрэгтэй! Хоёрын хоородн хэлбэр төдий юм хийсэн дор хийгээгүй нь дээр. Бас нэг юмыг их гайхан бодсон нь, Америкийн газар нутагтай тэнцэх Европ тивд бараг л нэг үндэстэн ястан болох европчууд бүхэл бүтэн "тавин" тусгаар улс болон аж төрж байхаад, түмэн янзын үндэстэн ястан нэг дор эрх чөлөөтэй нэг далбаан дор "Би бол Америк" гээд амьдарч байдаг үгүй ээ мөн хачин аа.  Энэ хачин улсад нэг ирээд үзээрэй. Үнэхээр хачин улс юм. Баяртай Америк. Энэ бүх боломж бололцоог олгосон ижий аавдаа талархаад талархаад баршгүй нь. Хүү нь ингээд эндэхийн цагаар маргааш өглөө үүрээр зургаан цагт Японруу буцлаа. Уг нь болдогсон бол нутаг нугандаа харихсан. Шинэ хичээлийн жилдээ шинэ эрч хүчтэйгээр орох нь гэж бодож сууна. Коофий ч дууслаа, яриа ч дууслаа. 



9 comments:

  1. Америкт нэг их дуртай биш л дээ. Яагаад ч юм, хэнэггүй нь дэндсэн, бас хэтэрхий "big brother" болж ядсан гээд өөрөө үзээгүй хэрнээ энд тэндээс олж авсан мэдээллээрээ дүгнэчихсэн. Харин чиний блогийг уншаад, бас Мишээлийг яваад ирсний дараа ямар ч гэсэн нэг очих ёстой газар байна гэж бодох боллоо. Баярлалаа.
    Замдаа сайн яваарай! ;)

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу, сайхан сэтгэгдэл ирэхээр нь яасан их баярлав аа. Тийм шүү боломж гарвал заавал нэг ирээрэй. Хэрвээ миний мэддэг Мишээл мөн бол та хоёрыг найзууд гэж мэдсэнгүй хэхэ. Ямартай ч уншаад сэтгэгдэл үлдээсэнд маш их баярлалаа.

      Амжилт хүсье,
      :)

      Delete
  2. Ойрд таараагүй найзынхаа блогийг унших урамтай байлаа. Тэмдэглэл бол янзтай болжээ! Сайхан дурсамжтай, адал явдалтай, олз омогтой өдрүүд өнгөрсөн байна. Амжилт! Тэгж байгаад Европт нэг ирээрэй, таарна шүү :) Уундаа

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу Уундаа андаа, үнэхээр удаан уулзалдсангүй шүү. Чамайг европт байгаа талаар одоо л мэдлээ. Хаана юу хийж байна даа? Нэг уулзах юмсан

      Delete
  3. "Америкт нэг удаа" киног санагдуулж байгаа нь яасан үнэн юм бэ? Бас гүүрний зураг, уран зураг, Катэдрал, Канад, сүүлд олуулаа байгаа зурагнууд хамгийн их таалагдлаа. Өөрөө явсан юм шиг мэдрэмж төрүүлэхээр сайхан, бүрэн дүүрэн нийтлэл болжээ. Баярлалаа :)

    ReplyDelete
  4. Saihan temdeglel baina., uneheer l uursdiinhuuruu chuluutei baij chaddag humuus gevel Amerikchuud baih shuu!

    ReplyDelete
  5. Сайн уу, гое нийтлэл болжээ. Надад ч бас Нью-Йорк яг тэгэж санагдсан. Буудалласан газар яг хотын төвд болохоор өглөө ч орой ч түмэн хүн дунд байхаар ялангуяа өмнө нь очсон хот их сийрэг, алхах замд бараг хүнтэй таардаггүй байсан болоод ч тэр үү их бачимдмаар санагдсан. Гэхдээ л хүмүүс нь цаанаасаа л өөрөө өөртөө аягүй итгэлтэй нь, хийж байгаа бүх зүйлдээ яг сэтгэлээсээ, мэргэжлийн түвшинд ханддаг нь тун таалагдсан. Би тэнд байхдаа Колумбын Их Сургуульд сурдаг найзтайгаа уулзан, кампус руу нь ороод үнэхээр алмайрсан. :)

    PS: Тийм ээ, Хулан бид 2 найууд хэхэ
    Бид хэд нийлээд whatevericano.blogspot.com блог хөтөлдийн, үүн дотроо би аяллынхаа зарим хэсгийг товч бичсэн байгаа, завтай бол орж уншиж болно шүү :)

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу, сайхан сэтгэгдэл ирэхийг харах сайхан шүү. Болоогоор нь орж уншиж байна аа, Сая New York I love you тэмдэглэлийг нь уншаад гоё байлаа шүү. Нэг газраар л яг явж байсан байна. Сонирхолтой юм аа. Ер нь Америкийн их сургуулиуд үнэхээр гайхалтай алмайрмаар юм билээ. Би нилээн хэдэн их сургуулиар орж үзсэн. Үнэндээ л "сур" гэдэг газар байна лээ. Яваандаа нэг очиж сурах хэрэгтэй байхаа.

      За та хэдийн болоогоор байнга орж байнаа. Американогийн эргэн тойронд бас л сонин юм их болно шүү дээ хэхэ

      Delete
  6. "Шинэ Монгол" сургуулийн төгсөгчид үнэхээр мундаг юмаа. Лав л үе тэнгийнхнээсээ хэд дахин илүү бололтой. Ялангуяа эх хэлээрээ бараг алдаагүй бичиж байгаагаар чинь бахархаж байна. Дээр нь аливаа зүйлсийг маш сайнаар дүрслэн бичих чадварыг чинь. Ерөнхийдөө чамаар маш их бахархаж байна, танихгүй ч гэсэн. Амжилт хүсье.

    ReplyDelete