2014-03-08

Нэг мэдсэн чинь Америкт...

(ер нь жоохон урт болчихсон шүү)

 Ирээд нэг мэдтэл овоо удчихаж. Энд байх хугацааныхаа талаас илүүг өнгөрүүлжээ.  Болоогтоо шинэ юм бичнэ дээ гэж залхуурч явсаар овоо цаг ч өнгөрчихөж. Юу юу болоод өнгөрсөнийг мартсан байхыг бодоход энэ тархины түр хадгалах ой санамжийн багтаамж тун бага бололтой. Гэхдээ гүн хадгалагдан үлдсэн хэдэн юм байна аа. 

 Би ирээд аль болох гэрт ангайгаад хэвтээд байлгүй, гадуур зугаалж богинохон энэ хугацаандаа юм үзэж нүдээ тайлахыг хичээж байна. Тэгээд хэд хэдэн үзсэн юмнаасаа хуваалцая. 
 Нэгдүгээрт би ангийн хэдэн найзуудтайгаа хотоор нэг жаал зугааллаа. Аль 19-р зууны хуучин сүм дуган, номын сан, гудмаар алхаад явж байхад нэг тийм сонин мэдрэмж яасан их төрж байсан гээч. Тэр сонин мэдрэмж юу гэхээр, үнэхээр гайхалтай гайхамшигтай гэж юуг хэлдэг юм бол доо гэж эргэлзэнгүй бодсон минь тэр.  Бусдын гайхлыг харахаар өөрийн гайхал юу юм бол гэж өөрийн эрхгүй боддог юм билээ. Өнөөх л Чингис хаан, өргөн уудам тал, онгон сайхан байгаль, Монгол гэр, Монгол соёл уламжлал. Гээд бодохоор бидний тэр гайхал эднийхтэй харьцуулашгүй нь ээ. За боль доо тэр болгон бусад улсад арай өөр хэлбэрээр арай өөрөөр байж л байна шүү дээ гэсэн ч, бид нар тийм ч гайхалтай улс биш юм байна л гэж бодогдоод салдаггүй золгийн бодол юм. Монгол маань гайхалтай улс байхаа хэдий нь больсон. Бүр хэдэн зуун жилийн өмнө шүү дээ. Гайхамшгийг бид л бүтээнэ үү гэхээс гайхамшиг гээд байгаа "ондоошлоо" урдаа бариад л нүүрээ тахлаад суугаад байвал ч за тэгээд ер нь мөд сайхан болохгүй дээ. 

 Христийн шашин их олон урсгалтай. Яг энэ талаар бодьтой, ултай суурьтай уншиж мэдсэн юм ховор учир нэг их юм ярилгүй олон урсгалтай гээд орхъё. Тринити Сүм гэх газар би ороод их сүрдсэн шүү яг үнэндээ. Би өөрийгөө шашинд итгэгч биш, шашингүй нэгэн гэж хэлдэг. Эргэн тойронд байгаа шашныг хүндэтгэж, хүндэтгэлтэйгээр харьцана. Хүний итгэлийг басамжлах муухай хэрэг. Тэр сүм үнэхээр уран нарийн хийгдэж. Гайхалтай урлагийн бүтээл байлаа. Тэр чигээрээ орган хөгжим дугарах тэр нэгэн хуучны байшинд олон мянган сүсэгтэн бишрэгчид бурханд итгэн зовлон жаргалаа хуваалцдаг тэр орон зай... Хүйтэн мэдрэмж... Хэдэн мянган жилийн турш надаас ахмад надаас ухаантай олон хүн итгээд сүсэглээд ирсэн тэр нандин зүйлийг юугаа ч мэдэхгүй би аймшиггүйгээр үгүйсгэж байгаагаасаа айсан гэж жигтэйхэн. Нээрээ шүү. Олон хүний сэтгэл итгэл бишрэл шингэсэн тэр урлагийн бүтээлээс би мэдэрсэн. 


 Улсын төв номын сан дээр дурдсан Тринити сүм хоорондоо зэргэлдээ шахуу. Тэр хооронд гоё том талбай бий. Тэр талбайд Венесуэльчууд цуглан дуу хоолойгоо нэгтгэж байлаа. Би яг ямар зорилготой цугалсныг нь сайн ойлгоогүй. Одоо Венесуэльд их том бослого болж байгаа.  Залуус улсын эдийн засаг, ядуурал, мөнгөний ханш, хүний эрх , эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа. Украйнаас арай тайван байгаа гэж хэлж болно.Тэнд цуглагсад Испани хэлээр л ярьцгаагаад байсан. Англиар "Human right, No more death" (Хүний эрх, хүний амийг дээдлье) гээд дуу хоолой нэгтэн шуугиж байсан.  Надад бас л сонин жигтэй мэдрэмж төрсөн. Хөөрхий дөө, миний ихэд очхыг хүсдэг газар маань ийм болчих гэж. Надад очихыг хүссэн ямар ч шалтгаан байхгүй ч гэсэн яагаад ч юм Венесуэль гэхээр л нэг таатай аятайхан санагддагсан. 

 Бостон хотын төв номын сан 1800 оны эхэн хагаст байгуулагдсан нил хар цагаан гантиган байшин байна билээ. Миний тооцоолсноор лав өнөө үеийн өртөгөөр тийм байшин баръя гэвэл зуун тэрбум төгрөг хөнгөхөн хийсэх юм билээ. За тэгээд ном зомонд ахиад хэдэн зуун тэрбум. Бурхан минь. Тэгсэн энэ номын сан 200-н жил болох гэж байгаа хэрнээ цоо шинэ хэвээрээ. Гантиг чулуу болохоор тэгдэг байх. Үлдэцтэй нандин юм хийх юм. 

 Ангайж ангайж эргэлдсээр гараад хэсэг алхаад тэр өдрийн зугаалга өндөрлөсөн. 

Бостон хотын төв номын сан, үүдэн хэсэг
Уншлагын танхим
Номын сан доторхи гадна талбай. Урин дулаан цагт их сайхан юм шиг санагдсан
Номын сангийн гадна талын гудамж
Тэр сүндэрлэн харагдах бордуу байшин Тринити сүм
Жагсагчид
Шил, цонхон урлал
Трини сүм дотор Мөргөлийн танхим
Хотын гудамжаар явахад оршуулгын газар их тааралддаг юм билээ.
 Маргааш өдөр нь, аавын маань багын найз ах энд гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд хамт нэг өдрийг сайхан зугаалж өнгөрүүлсэн. Хамгийн сайхан нь Монгол хоол хийлгүүлж идэж билээ. Ах эгчтэй хамт цанын баазаар нэг гулгаад амралтын өдрөөр агаарт нэг сайн гарч авсан. 
Их сайхан өргөн тал харагдаж байгаа биз...

 Миний хичээл ажлын таван өдөр ордог тул хагас бүтэнсайныг нэг сайн ашиглаж авах юм. Сургууль дээр сонин сайхан гэвэл манай анги цөөхөн хүүхэдтэй болчихсон жоохон уйтгартай байгаа. Азиуд нэг анги болчихоор шал утга алга. Уг нь европ, төв өмнөд америк залуус нэг ангид байхаар арай өөр хүмүүстэй ярилцаад сонирхолтой байдагсан. 

 Ингэж тэгсээр гурван сарын эхний хоёр өдрийг Америк улсын нийслэл хот Вашингтон Ди.Си-г зориуллаа. Тэнд авга эгч маань мөн гэр бүлийн хамт байдаг юм. Миний үеэл дүү ах нар их сайхан байцгаадаг юм билээ. Үеэл дүү охинтойгоо очсон эхний өдрөө (автобуснаас шууд буугаад) гэрт  хөнгөхөн хооллож аваад хотын төвөөр зугаалахаар гарсан. Гэснээс би шөнө 12 цагийн турш автобусанд ёстой миарсан. Ядаж байхад ханиад хүрчихсэн нус гойжоод хоолой загтнаад. Замын зогсоол дээрээс нэг эм авсан чинь тэр нь шал хөгийн эм байж таараад ямар ч үйлчилсэн юмгүй. За тэр өвчин зовлон яахав хэхэ. Одоо эдгэсэн санаа зоволтгүй шүү ээж ээ. :) Эгч нэг сайн эм надад өгсөн. Тэр эм тан гэдэг чинь бас америк улсад арай өөр байдаг юм билээ. 

 Хотын төвд өнөөх "Харандаа" буюу Washington Monument-г тойроод бүх л үзэж харах үзвэр дурсгалт хөшөө баримал бүгд байх нь тэр. Хамгийн эхэнд эрхэм Авраам Линкольн гуайн чулуун хөшөөн дээр очлоо. Надад яагаад ч юм нөгөө "Музейд өнгөрүүлсэн шөнө" кинон дээр гардаг шиг босч ирээд надтай ярьчих ч юм шиг санагдаад инээд хүрээд л байж билээ. За тэгээд цааш Америкийн түүхийн, Соёлын, Технолигийн, Онгоцны, Байгалийн түүхийн гээд элдвийн музей тойрч үзлээ. Тэрний тэр баримал тэр хөшөө тэр үзвэр гэхээс илүү Америкчууд аливаа юмаа "бренд" болгож чаддаг түүнийгээ мундаг рекламдаж чаддаг хүмүүс юм байна даа гэж бодсон. Цаг үеийг байлдан дагуулж, цаг үеийг манлайлж, цаг үедээ шилдэг нь байна гэдэг маш агуу зүйл юм. Нэг муу жараад оны түргэн хоолны газрын ширээ сандалыг үзвэрт тавьсан байх нь сонирхолтой. Манайд бас нөгөө улаан усны шил, пянз, хуучны хувцас, үсэргээ хийдэг хуучны клубын загварыг тэр чигт нь үлдээгээд музей болгоход сонирхолтой л санагдсан. 

 Америкчууд бүх баялагаа өөрсдөө бүтээж, түүндээ амьдарч байгаа улс болохоор заримдаа ч атаархах сэтгэл төрөх юм. 

 Тэр орой ах эгчтэй хууч хөөрөөд ойр зуур хов жив ярьсан шигээ суухад Монголдоо ч байгаа юм шиг санагдаж билээ. Эгч надад өрөм хийж өгсөн шүү дээ. Гайхсан гэж. Сүүний тослогийг ялгаад тусад нь зардаг юм билээ. Тэрийг нь буцааж шингэн сүүтэй холиод самарсаар байгаад хонуулахад сайхан өрөм болж байгаа юм даа. Ах эгч хоёр маань сайхан амьдарч байгааг хараад бас бахархах сэтгэл төрсөн. Олон Монголчууд хүний нутагт зүдэрч явдаг. Хар бор ажил хийгээд амьдралаа залгуулж, Монголд байгаа ар гэртээ нааш цааш шилжүүлж их ядруу байдаг л даа. Ер нь хүнээсээ л болох юм. Японд ч тэр Америкад ч тэр. Ер нь хаа газар сайн сайхан явах нь их хэцүү. Гэтэл өөрийн бизнесийг энэ том улсад хийгээд амжилттай байна гэдэг бас мундаг хэрэг шүү. Бас холгүй байх үеэл эгчийндээ очиж жинхэнэ Америк стейк хагартлаа идэж билээ. Муу хүн идсэнээ гэдэг ч яахав ганц хоёрхон хачир шургуулаад биччихэд гэмгүй шүү тийм ээ. 

 Дүүтэйгээ явсан болохоор өөрийнхөө зургийг сайн даруулж авсан :)









 

Өнөөх түргэн хоолны газрын ширээ сандал
Энэ залуу анх энэ гялгар уутан онгоцоо хийж байх даа ямар гайхалтай мөрөөдөлтэй байсан болоо... Анх жийгээд нисээд ямар их баярласан болоо... 
Америкад идсэн Монгол өрөм. 
 Америкт ер нь ирээд энэ хэдэн хоногт элдвийн л юм бодлоо. Япон энэ хоёр шаал өөр улс юм.  Өөр байхаас ч араггуй шүү дээ тэнэг юм хэлэх юм. Яг тэр гээд хэлэх гэхээр хэл ам орооцолдоод цэгцэрч өгөхгүй юм. Яг ямар улс юм бол доо. Үнэхэр "сайхан" улс бол биш юм. Энд хэдэн жил сурах гэж ирвэл л надад болж байх шиг байна. Би эсвэл тийм нутаг нугандаа хайртай хүн юм болов уу.

 Нээрээ нэг сонин байна. Би энэ улсын үндэсний спортыг үзсэн юм байна. Өнөөх өндөр хар саятангууд талбай дээр бөмбөг булаацалддаг. Гоё юм билээ. Хамгийн хямд суудал нь хамгийн орой дээр бялтаажан дээр суухад л 49$ болж билээ. Би их азтай байсан уу тэр тоглочид азтай байсан уу, Бостон Сэлтик гайхалтай тоголж хожсон. Миний их сайхан дотны найз маань энэ Сэлтикүүдэд жинхэнэ хайртай байдаг юм. Найзынхаа багийг дэмжихээр иртэл тэр нь хожоод бас ёндой гэдэг билүү тэр нь байх шиг байсан. Хүмүүс нээрээ үнэн сэтгэлээсээ багаа дэмждэг юм билээ багаа. Манайд нөгөө жалга дов байхгүй болгоё гэж ярьдаг штээ. Онд бол спорт дээр жалга дов жинхэнэ довойж байгаа юм даа. Айлын багийг уйлтал нь муулсаар байгаад л явуулсан. Тэрэндээ ч их сурамгай юм, тэд нар нь ч уйлахгүй юм. 


Белги залуугийн хамт 
Масачусэтсийн Технологийн их сургуулийн өргөн чөлөөнд

Энэ үнэхээр яадаг машаан юм бол?
 Хичээлийн өдрүүдээр Харвард болон Масачусэтсийн Технологийн их сургууль хоёрийн хамтран шинээр байгуулсан Анагаах ухааны инженерийн судалгааний төвд судалгаа хийдэг номын эгчтэйгээ (номын эгч - Сэнпай буюу япон үгийн Монгол орчуулга) нэг очиж уулзсан юм.  Эрдэмтэд, шинжлэх ухааны мэргэжилтэнгүүд байх тэр лабарторид нь ороход би их айх ч шиг, нэг тийм сүрдэм мэдрэмж төрсөн. Үнэхээр тэнд дэлхийн шинжлэх ухаан цэцэглэн дэлгэрч, хүн төрөлхтний төлөөх гайхалтай үйлс явагдаж байгааг харсан. Улсаа хөгжүүлье гэвэл шинжлэх ухаан, боловсролд хамаг юмаа өгөх хэрэгтэй юм. Тэгж л байж л улс маань баялагтай болно, ажилтай болно, хөгжилтэй болно. 

 Надад уг нь бичих, бичмээр юм маш их байна л даа. Гэхдээ энэ удаад болсон явдал өрнөлийг л бичээд орхих хэрэгтэй юм байна. Дараа нь тус тусад нь өөрийн бодлоороо цэгцлээд бичихгүй бол толгойд байгаа энэ их мэдээлэл нэг л цэгцэрч өгөхгүй байна. 

Юу ч гэсэн энэ хүртэл уншиж үзсэн уншигч танд баярлалаа. Сэтгэгдэл үлдээвэл туйлын их талархах болно. Надад сэтгэгдэл үнэндээ бага зэрэг хэрэгтэй байна гэх юм уу даа. Хэн нэгнээс нэгийг сонсохоор нэг мэдрэл цочдог шиг нэг тийм цочрол хэрэгтэй байна шүү. ;)



4 comments:

  1. Их сайхан бичлэг болжээ. Очиж үзээгүй тэр том улсад нэг л өдөр айлчилж очих хүслийг минь улам бадрааж өгсөнд баярлалаа! Одоо үлдсэн хугацаандаа сурлагадаа анхаарч, бас илүү их юм үзэж нүд тайлаад буцаарай! Би хааяа хааяахан бас газао орноор аяладаг ч ингэж аялалынхаа тэмдэглэлийг бусадтай хуваалцаагүй нь буруу санагддаг. Яамаас суралцаж цаашид бичиж байх болно оо.... Тэлмэндээ амжилт хүсье! Хүсэл мөрөөдөл, зорилго байхад бүх зүйл аяндаа бүтнэ дээ :)

    ReplyDelete
    Replies
    1. Заавал энд нэг ирээрэй, бас л сонин гайхалтай газар байна. Сайхан сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа... Аялалын тэмдэглэлээ бусадтай хуваалцахгүй өөртөө хадгалж явсан ч болно шүү дээ... Би бусдад зориулж бичдэг нэг тийм хоббитой юм уу даа... Тэгэнгээ өөрийн бодлоо цэгцэлж авна. Буруу гэж битгий бодоорой. Одоо бичье гэвэл сэтгэлд чинь байж л байгаа...

      Маш их баярлалаа, Чамд бас маш их амжилт хүсье.

      Delete
  2. Uuruu ochood yvj bgam shg neh shn bolchloo :-)

    ReplyDelete