2014-03-08

Иргэний нийгэм "Societas Civils" ①

 Өнөөдөр бидний дунд иргэний эрх үүрэг, иргэний нийгэм буюу "иргэн" болоод "нийгэм" гэх эдгээр үгс амнаас ам дамжин урсах атал ер нь яг ямар утгатай үг болох, иргэний нийгмийн "шинжлэх ухаан" хэзээ хаана үүссэн талаар төдийлөн бүрэн дүүрэн ойлголттой байдаг гэж санагддаггүй билээ. Ямар философийн суурь ойлголтон дээр өнөөдрийн нийгэм тогтож байгааг олж харах нь Монголын нийгэмд иргэн нь болж амьдарч буй бидэнд тулгамдаж буй асуудлын шийдэл нь харагдаж юуны магад гэж бодлоо.
Эхлээд утгын агуулгын шинжлэл хийх нь зөв байдаг. Я.Цэвэл гуйн "Монгол хэлний товч тайлбар толь" хэл зүйн тайлбар толь дунд урдаа барьдаг толины нэг.
Иргэн
1. тухайн улсын байнгын хүн амын тоонд багтах бөгөөд үндсэн хуулиар олгоосон бүх эрхийг эдлэх эрхтэй, үндсэн хуулинд заасан бүх үүргийг биелүүлбэл зохих этгээд.
2. насанд хүрсэн хүн, хүн ард, ард олон, хүн иргэн
3. хүн ардтай харилцах хүндэтгэл  
Нийгэм 1. нийгэмлэг, нийгэм журам (эдийн засгийн давхаргын анхны үе)
2. нийгэн, даяар бүгд, нийтээр; нийгмийн өмч, нийгмийн өмч,  нийгмийн хөрөнгө (хувийн биш өмч, нэгдэлчдийн хөрөнгө) 
 Уг толь бичигт "иргэний нийгэм" гэсэн хоршоо үгийн тайлбар байгаагүй ч тус тусын тайлбар байлаа. Тайлбарыг уншиж ойлгохдоо 1966 оны ном гэдгийг анхааран бодох хэрэгтэй. Тухай үеийн нийгмийн философи шингэсэн ойлголтоор тайлбарлагдсан байлаа.
 Иргэн гэдэг үг байгаагүй биш байсаар ирсэн боловч хэрэглээний түвшинд ерэн оноос нэвтэрч эхэлсэн. Түүнээс өмнө нийтийн, ард олон, түмний, хамтрал, хоршоолол нэгдэл хэмээх утгаар дүйцүүлэн ойлгож иржээ.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
Монголын ард түмэн бид:
-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.


Үндсэн хуулийн өмнөтгөл үгэнд хүртэл иргэн биш ард түмэн хэмээн орсныг харахад иргэн гэх агуулгаас илүүтэйгээр ардын нийгэм гэх нь зохимжтой мэт боловч ард гэх үг өөрөө нийгэм гэсэн ойлголтыг давхар агуулна. Тиймээс Civil Society гэх үгний агуулга, хэрэглээний, онолын тодорхойлуулалтыг авч үзье.

Civil Society гэх англиас шууд орчуулахад "Иргэний Нийгэм" гэх үг маань аль 16-р зууны сүүл хагасаас 18-р зуун хүртэл Англи улсад хэрэглэгдэж байснаас хойш утгын хувьд алдагдаж нэг ёсондоо "үхмэл үг" болсон байж. Ахин нийгмийн шинжлэх ухаанд хэрэглэгдэж эхэлсэн нь тийм ч хуучны эд биш бөгөөд 1989 оны зүүн Европын хувьсгалаар "Социализм" утгаараа устах үетэй давхцах юм. Америкийн улс төр судлаач Jean L. Cohen, Andrew Arato  нар 1992 онд "Civil Society гэдэг ойлголт нь, хэрэглээний хувьд ч онолын хувьд  ч маш олон утгатай бөгөөд Коммунист ноёрхол, Цэргийн ноёрхлын эсрэг хүчтэй тэмцсэний үр дүнд өнөөдөр маш өргөн хэрэглэгдэх үг боллоо. Гэвч эрх чөлөөт ардчилсан улсуудад энэ нь байр суурийн хувьд хараахан тодорхойгүй үг хэвээр байна" гэж бичиж байсан. Өнөөдөр ч гэсэн манай Монголд оносон хэрэг болов уу. Дээрх түлхүүр хашилтан өгүүлбэр дунд "байр суурь" гэдгийг нийгмийн байр суурийн хэмжээ, масс ойлголт талаас нь мөн ойлгох хэрэгтэй. Жишээлбэл нийгмийн нэгжийн гэр бүлээр авч үзэх, эсвэл ганц бие хүнээр, ураг овгоор гэж ангилдаг шиг зүйл юм.


 Иргэний нийгмийн талаар Jean, Arato нарын онолын тодорхойлол нь "<civil society> гэх үгийг, эдийн засаг болон улс төрийн хооронд нийгмийн харилцан үйлчлэх нэгэн орон зайн хүрээллийг хэлнэ. Энэ нь ойр дотны хүрээлэл (гэр бүл)-ээс бүтсэн нэгж учраас, нэгдэл (эвлэл, хамтрал гэх утгатай нийцнэ, албан бус сайн дурын нэгдэл), иргэний хөдөлгөөн, олон нийтийн харилцаа гэх мэт хэлбэр загвартай нэгж юм. Хамгийн чухал нь, <civil society>-г улс төрийн, намын шинжтэй улс төрийн аппарат болон, жирийн ашгийн төлөөх компани асосиациас салангид ойлголт болгон авч үзэх хэрэгтэй".


 Хэрвээ энэ тодорхойлолттой санал нийлж байвал 2000 оноос ихээхэн зохион байгуулагдах Их эзэн Чингисийн талбай (Сүхбаатарын талбай 2013 оны 7-р сарын 15 нд их эзэн Чингисийн талбай болсон) тойрсон суулт, иргэний хөдөлгөөний ямар учир утгатай, ямар цаад үндэстэйгээр явагдаж байсан нь харагдаж байгаа болов уу.


 Мөн Английн нийгэм судлаач, зургаан жил Лондонгийн их сургуулийн (LSE) захирал хийсэн Anthony Giddens  тодорхойлохдоо "хамтын хүч" нэг ёсондоо хамтрал нэгдэл буюу гуравдагч сектор юм. Jean, Arato нарын ялгаа нь сайн дурын бүтэцтэй гэдгээр онцлогтой. Адилхан Лондонгийн их сургуулийн багш, "Нээлттэй Ардчилал" хэмээн форум зохион байгуулдаг Devid Held 2005 онд гаргасан эрдэм шинжилгээний өгүүллээс сонирхож үзвэл, "Нийтийн ажил (зам, гүүр, эмнэлэг, сургууль гэх мэт)-н хувьд, улс зөвхөн хийгээд зогсохгүй, засаг болон иргэн хамтарсны үндсэн дээр бүтээн байгуулах хэрэгтэй. Улс орныхоо бүтээн байгуулалтын төлөөх нарийн бодлогыг биелүүлэхэд өргөн, олон талын иргэний оролцоо (Үйлдвэрчний эвлэл, иргэний холбоо, ТББ гэх мэт) хэрэгтэй юм. Мэдээж иргэн төр хоёрын хооронд зөрчилдөөн гарах нь ойлгомжтой. Гэхдээ өөрсдөө энэ асуудлыг шийддэг болохын тулд, нийгэм бүлэглэлд societies өөрөө удирдах эрх мэдлийн хүрээг томосгох, олгох нь чухал" гэж дурдаж.


 Эдийн засгийн ухааны Нобелийн шагналыг 2001 онд хүртэж, 1997 оноос Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч хийж буй эдийн засагч Joseph E. Stiglitz нь 2006 онд гаргасан номондоо "an informed citizenry", "an engaged and educated citizenry" хэмээн дурддаг. Аливаа зүйлд асуудалтайгаар ханддаг, боловсорсон, мэдээлэлжсэн иргэн гэдэг маань даяарчлагдсан энэ дэлхийд маш их нөлөөтэй, хүчтэй гэж хэлж болно.


 Харин Монголд маань, үндсэн хууль батлагдах үед мөн Иргэний нийгэмтэй дүйцэх ойлголт буюу Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэмээх зүйл нь ойлголтын хувьд байсан хэдий ч хэрэгжилтийн хувьд 2011 оноос эрчимтэй эхэлсэн. Гэхдээ дээрх ойлголтын хувьд улс төрийн аппараттай ихээхэн хамааралтай бөгөөд Jean, Arato нарын тодорхойлол бүхий "сайн дурын" гэсэн ойлголт гээгдсэн нь эрсдэлтэй хэрэг болоод байгаа нь өнөөдөр бидэнд ажиглагдаж байна. Энэ нь улс төрийн аппарат томорч байгаагийн илрэл юм. Нөгөөтэйгүүр улс дотор ахин засаглал байгуулсантай адил хэрэг гэж ойлгож болно. Хэрвээ улсын маань засаглал дан ганц засаглал, төрийн эрх ноёрхдог байсан бол Иргэдийн төлөөлөгчдийн хурал байж болох зүйл болов ч, сөрөг хүчин эрх барих хүчин байсаар байтал ахин хянах түвшний дээрээс нь нэмээд шийдвэр гаргах түвшний хүмүүс цүглараад дарга цэргээ сонгоод ирэхээр хэр зөв зүйлтэй ойлголт болох бол? Төр засаг нь юм хийх гэх гэтэл НИТХ эсэргүүцлээ гэдэг, тэгэхээр хэрэгжихээ байдаг. Аль нь хүчирхэг болж байна вэ. Иргэний нийгмийн ойлголтын талаар дээр дурдсанаар иргэн сонгууль өгөөд гишүүнээ сонгоод ажил хийлгэж байгаа хэлбэр нь иргэний нийгмийн зуугаас гучин хувь нь бүрдэж байгаа бөгөөд иргэн өөрөө бас ахин сайн дураар оролцож, хамтарч ажилласнаас эх орны маань хөгжлийн ирээдүй гэрэлтэй сайхан болох юм байна. Хариуцлагатай оролцоотой иргэн байх нь хэр чухал вэ гэдэг нь их ойлгомжтой боллоо.


Үргэлжлэлд Иргэний ойлголтыг философийн түүхээс нь авч үзэх болно.

ашигласан, орчуулсан материал:
Я.Цэвэл 1966 он "Монгол хэлний товч тайлбар толь"   Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх холбоо
http://www.legalinfo.mn/law/details/367
http://www.mglblog.net кирил бичиг-уйгаржин бичиг хөрвүүлэгч ашиглав
植村邦彦(2010)『市民社会とは何か』平凡社新書

No comments:

Post a Comment