2015-03-14

Одоогоос дөрвөн жилийн өмнөх 3 сарын 11-ний энэ өдөр,

 Энэ өдөр гамшигт ихээр өртсөн газруудын нэг болох Сэндай хотод Японы их дээд сургуульд суралцахаар ирсэн Шинэ Монгол ахлах сургуулийн төгсөгч үеийнхэнтэйгээ, багштайгаа хамт бараг хориулаа амьдарч байлаа.
Тэр өдөр амьтны хүрээлэнгээр зугаалах хөтөлбөртэй байсан ба яг өдрийн 2 цаг 46 минутад аймшигт тэр гамшиг ирсэн. Яагаад ч юм, хэдхэн минутын өмнө амьтны хүрээлэнгийн хаалгаар анх ороход тэндхийн сармагчид бүр үнэхээр яачихсан юм бэ гэмээр чарлаад байхаар нь бид их л инээлдэж байж билээ.
 Өмнөх өдөр 10-нд нь 5 баллын газар хөдлөлт болоход "Хооо, ямар сонин этгээд гоё юм бэ" гэсэн гэнэн тэнэг бодолтойгоор баясч байсан бол, 11-ний өдөр 8 баллын газар хөдлөхөд эхлээд сонирхолтой ч юм шиг, хэсэг удаад ирсэн чинь нэг л биш болж ирснийг ойлгож билээ. Газар хөдлөлт бараг 5 минут үргэлжилсэн санагдаж байна. Босоод алхаад явах боломжгүй, зил 130 машины тэвшин дээр хөдөөгийн замаар давхиж байгаа аятай мэдрэмжийн ч юм шиг. 
 Гамшгийн тухай "Ноооль" ойлголттой бид хэд бүр яах ийх учраа ололгүй гэрийн ойрхон байх сургуулийн зааланд хоёр хоног хоргодож билээ. Тэнд маш олон хүмүүс хамт байсан. Мэдээж тоггүй, усгүй нөхцөлд цэвэр унд, хүнсний хомсдолтой. Өдрийн цагаар цэргийн машинаар бидэнд  амталсан будаа болон гамшигт урьдчилан бэлгтэж хадгалсан хүнс болох печень, ус зэргийг зөөвөрлөн тарааж бидэнд өгдөг байлаа. Харин Монголд биднийг уулын орой дээр цөөхөн хэдхэн хүн үлдсэн сураг чимээ явж ерөөсөө л арлын Япон тэр чигтээ живж байгаа мэдээ тарсан гэсэн. 
 Гэхдээ хамгийн сонин нь Япон хүмүүс бүгд маш тайван хандаж байсан. Бүр гайхмаар тайван. Дэлгүүрт зуу зуун метрээр дугаарлан зогсоход хэн ч орилж хашгирахгүйн дээр хүнс дууслаа гэхэд "Өө" гээд л яваад өгнө. Дэлгүүр нь хүртэл 3000-4000 иений хүнстэй тор багцлаад бэлдээд нэг ч гэсэн хүнд тэгш хуваан зарах гэж хичээх тэр их зүтгэл ямар агуу байсан бэ? 3 сарын 12-ны өглөө сонин тараагч маань хүртэл сонингоо тараагаад явж байсан гээд бод доо. Тэр сонин тараагч байгаагүй бол бид нар бүр мэдээллээс таг тасрах байсан биз. Бас хажуугаар нь сонин уншаад ханзны хичээл орчихож байгаа юм. Жижигхэн талхны мухлагтай хүн талхаа тараана. Ерөөсөө л бүгд байж болох бүх л арга хэмжээг "Хамтдаа" авч уужуу тайван сайхан сэтгэлээр хандаж чаддаг хүмүүс бол Япон хүмүүс юм билээ.
 Бид нар энэ хүмүүсээс юугаараа их ялгарах вэ гэвэл өөрийнхөө амин хувиа бодсон хэт аминч зангаараа л ялгарах юм шиг. "Би энд өлсөж байна", "Миний байшин энд нурлаа, би энд гэр бүлээ алдлаа" гэж бид нар ярих бол, Япон хүн ганц өөрийнхөө тухай ярилгүй, "Надаас илүү зовлонтой хүн байхад би харин яаж туслах вэ" гээд ханцуй шамлана. Цунами болсон голомтод сэргээн босголтын ажил хийгдэж байхад эхнэр, хүүхдээ алдсан залуу сайн дураараа оролцох гээд гүйж байхыг харах ямар сэтгэл шимшрэм байсан гэж санана.
 Гамшиг болсон газраас бид Ямагата аймаг руу нэг ёсондоо дүрвэсэн ба Монголчуудад зориулан гаргаж өгсөн үнэгүй автобусанд суун Наритагийн онгоцны буудалд ирж хоёр хоносон. Монголчууд цугларлаа гэсэн шиг манай суудал бүртгэл хийх газрын эргэн тойронд л хулгай гарч, түрүүлж онгоцонд суух гэсэн дараалал замбараагаа алдаж маш их хэрүүл, хараал, муу муухай бүхэн болж байж билээ. Нэг онгоцонд суугаад явах нь хараажийн, мэдээжийн ойлгомжтой байсаар байтал нэг хүний урд нэрээ бичүүлэх гээд дайрч байгаа хүнийг хараад бүр гутсан гэж яана. 
 Харьцангуй хөгжилтэй оронд байгаа Монголчууд байж соёлтой байх болов уу гэтэл огт үгүй ээ, бүр жинхэнэ зан нь илрэв үү гэлтэй дайн болж байсан. За, ер нь тэнд Хятадууд бид нар л их адилхан авирласан шүү. Бусад орны хүмүүс аажуу уужуу л харагдаж билээ.
 Бидэнд буцаад Монгол явах амаргүй байлаа. Хүсч хүсч их сургуульдаа нэг юм тэнцээд, одоо л дөрвөн жил ёстой сайхан сураад "будаа" болгоод өгнө гэсэн бүх зүйл маань үгүй болчихож ч байгаа юм шиг, нөгөө талаар биднийг гэх маш олон гайхалтай сайхан хүмүүсийг та нар ингээд зовлондоо уна гээд хаяад ч явж байгаа юм шиг нэг тийм сонин, муухай, тоогүй мэдрэмж дүүрэн буцсан даа. 
 Энэ өдрөөс дөрвөн жил өнгөрчээ, их сургуулиа төгсөх нь ээ. Саяхан би гамшиг болсон газруудаар очоод харахад хүчтэй улс хүчтэй л байдаг юм байна гэсэн бодол төрсөн. 
 Зовлон үзсэн, зовлон ямар байдгийг мэддэг хүмүүс илүү ухаан суусан байдаг юм болов уу. 
 Энэ зурганд бид хэд сургуулийн зааланд унтах гээд байж байгаа байдал нь. Хэн ч биднийг гадуурхаагүй, хэн ч биднийг хөөгөөгүй. Бид нар гадаад гээд хүний тооноос огт хасагдаагүй дулаахан хөнжилд унтаж байна..
Б.Тэлмэн 
2015.3.11



1 comment:

  1. sauna heater wood fired

    WAJA sauna is specialist manufacturer of top quality sauna products. Products include sauna rooms, steam rooms, barrel saunas, wooden hot tubs, and all kinds of sauna accessories.

    ReplyDelete