2013-11-18

Урлаг = Нийгэм?

 “Нийгэм” гэж их өргөн хэрнээ энгийн мэт ойлголт бүхий энэ үгийн агуулга юуг илэрхийлнэ вэ? Илэрхийллийг урлагаас харж болно. Урлаг нийгмийг зөв илэрхийлж чадахгүй бол нийгмийн “хандлага” тодорхойгүй буюу “буруу” болдог.

   Өнөөдөр бидний нэгэн шатны амжилтанд хүрж буй урлагийн нэг бол “Хошин шог” мөн “Кино” урлаг юм. Хошигнол нийгмийг илэрхийлдэг нэгэн багаж, нийгэмд нөлөөлдөг нэгэн том зэвсэг. Үүнийг түүхээс нь харвал илүү ойлгомжтой. Хошигнол өөрөө эмгэнэл байдаг, нийтлэлийн маань зурган дээр нэг нь урвайсан уйлсан нүүрний хувиралтай байдаг нь тийм ч учиртай. Өрөвдмөөр ч юм шиг болж ирснээ инээд хүргэдэг нэг тийм сонин эд л дээ. Та нар Charlie Chaplin хэрхэн хошигнодог талаар бодох юм бол, бүдэрч унаад л будилаад л мунгинаад л  азгүйтэлээр дүүрэн бөөн эмгэнэл байдаг. Түүний харц ч гэсэн их эмгэнэлтэй гомдолтой харц. Харин тэр байдал инээдтэй харагддаг. Гэхдээ нэг юм өгүүлээд байдаг шүү дээ. За бидний сайн мэдэх Mr.Bean ч гэсэн ялгаагүй. Бусдын эмгэнэлээр зугаа хийж байна гэсэн үг л дээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы тухайн үеийн хүнд хэцүү үед “тел инээдмийн шоу” их газар аван хөгжсөн. Одоо ч ялгаагүй олны дунд “моод”. Монголоос бусад орны хошин шог ямар байдаг талаар харьцуулбал, Орост онигоо хүүрнэх буюу тайзан дээр нэг эсвэл цөөн тооны залуу яриад л байна, хүмүүс татаж унатлаа инээгээд л байна. Японд ч гэсэн ялгаагүй үгэн онигоо, явган яриа сайн хөгжсөн. Илүү өндөр түвшинд хүрсэн нь гэвэл яриад л байдаг тэгсэн мөртлөө элгээ хөштөл инээдэг. Харилцан ярианы их мундаг ур ухаан “dialogue” буюу зохиол дээр  явагддаг. Сайн онигоог зохиож, амьдралаас олж харж бодно гэдэг бас ур ухаан шаардна. Хошигнох урлаг нь уйлуулахаас хэд дахин хэцүү гэдэг нь ч үнэн болов уу.
   Та нар бод доо, хүн ер нь ямар үед хошин шогийн тасалбар аваад үзэхээр явдаг юм бол? эсвэл хөгжилтэй инээдмийн суваг таарвал яагаад аль болох үзэх гээд байдаг юм бол? Хариулт нь тодорхой биз ээ. Нийгэмд хэр их “стресс” бухимдал байна төдий хэмжээгээр түүнийг тайлах, бухимдлаа задлах хэрэгсэл шаардагдана, түүний нэг нь урлаг юм. Гэтэл өнөөдөр бидний үздэг хошин шиг, кино урлаг хэр зөв зүйтэй, байгаа оносон хариултыг үзэгчдэд өгч байгаа нь миний хувьд их эргэлзээтэй санагддаг. “Урлаг нийгмээсээ нэг алхам түрүүнд явах учиртай” байтал зэрэгцээд эсвэл сүүл мушгиад туугаад байвал хамгийн эхэнд хэлсэнчлэн хандлага тодорхойгүй болох юм. Мэдээж шоу бизнес учир эрэлтээ дагах нь ойлгомжтой, амьдралтай ойр түүнээс урган гарах ёстой хэдий ч “нөлөөллөө” бодвол чиглүүлэн зүг чиг гаргах “үүрэгтэй”. Нэг ёсондоо шинэ эрэлтийг бүтээх нь чухал юм. Улс төрийн популист мэссээжийг урлагаар дамжуулах нь илүү нөлөөтэй байдаг болохоор сонгуулиар сайн хэрэгсэл болдог бас учиртай. Нөлөөллийн тухай нэгэн тун харамсалтай жишээг дурьдъя. 2000 оны эхээр санагдаж байна, МУСТА Д.Цовоо гуай Өвөр Монгол аялгаар олны дунд инээд түгээж эхэлснээс хойш, өнөөг хүртэл олон хошин урлагийн мастерууд болон бид Өвөр Монгол Монгол хэлээ “доромжилж” ирсэн. Бүр сүүлдээ үнэн худал нь мэдэгдэхгүй үг өгүүлбэр “Өвөр Монгол” лац ломботой болж нийгэмд тархан олны онигоо болов. Монгол хэл бичгийн соёлоо биднээс илүү хадгалж ирсэн ард түмнээ гомдтол нь шоглосон нь “Урлаг”-н буруу болж таарах нь. Тийм ээ, зөв илэрхийлэхгүй бол буруутдаг. Манай кино театруудын “пиг” суудалтай үздэг болсон кино нь яах аргагүй Монгол кино болж. Тэр тундаа комеди, инээдмийн кино. Цөөн хэдийг үзсэн боловч тайзны байдаг л нэг хошин шогоос нэг их ялгаатай санаагдаагүйд их харамсангуй бодсон. Эсвэл их хар бараан зовлон гунигт кино гарах болж. Яагаад гэхээр  эрэлт буюу өнөөгийн нийгэм тийм байгаа тул, манай нийгмийн бүтээгдэхүүн бидний ойлгох хүлээж авах зүйл бидний амьдралтай нь ойр байвал бидэнд хүрдэг.
  Сүүлийн жилүүдэд Сонгодог урлагаар стресс юугаан тайлж байгаа хүн олширч байгаа нь бидний нийгэм арай өөр түвшин өөд хандаж эхэлж байгаа юм болов уу гээ бодож байна. Нийгэм сайн сайхан стрэсс багатай болох тусам сонгодог болдог. Дэлхийн төгсгөл сүйрэл биш Дэлхийн сүйрэл сонгодог төгөлдөршил гэж тайлбарлах ч хүн бий. Сонгодог гэж миний хувьд, барууны соёл хорвоод түрүүлж танигдаж, нөлөөлж, соёл нийгмийн хандлага баруунд чиглэсний үр дүнд барууны соёл Сонгодог хэмээн ойлгогдох болсон. Үүнтэй маргахгүй ч сонгодог урлаг нь өндөр дээд түвшинд хүрсэн урлаг гэж тодорхойлбол, бидний сонгодог урлаг бол “Морин хуур”, “Хөөмий”, “Ардын уртын дуу биелгээ” гэсэн онцлог бүхий соёлын өвөөс бүтсэн бүтээлүүд гэж хэлж болно. Бүтээл болохоос салбар биш. Барууны гаралтай сонгодог бол дуурь, баллет, төгөлдөр хуур, хийл хөгжим гээд олон өвөөс бүтсэн бүтээлүүд болох юм. Сонгодог бүтээлийн тодорхойлолт нь “ямар ч цаг үед, аль ч нийгмийн хүн түүнээс сэтгэл ханамжийн өндөр таашаал авч чадаж байвал сонгодог бүтээл гэнэ”. Үүний хамгийн сонгодог жишээ бол хайр бөгөөд мөнхийн сонгодог сэдэв. Таван жилийн өмнө Хувьсал продакшн Ray Cooney (1932) гуйн бүтээл Run for your Wife (1983) буюу “Галзуу дурлалт залуу” хэмээх дэлхийн шуугиант нэгэн инээдмийн жүжгийг Монголын тайзнаа амьдруулсан. Тухайн үед хоёр эхнэртэй, ижил хүйстэн цагдаа дүр гардаг завгүй Английн таксины жолооч залуугийн амьдрал олон хүнд таалагдаагүй сурагтай. Гэхдээ энэ бол бидний хамгийн их шимтэн үздэг “Хошин урлаг”-н тайзнаас нийгэмд өгсөн томоохон цохилт байсан юм.
  Урлаг дундаас Хошин урлагийг онцлон, хаа нэгтээ амжилтад очоод байгаа “Хошин шог”, “Кино” урлаг маань нийгмийг байгаагаар нь гаргах тусам байгаагаараа л байх болов уу гэсэн зовнилтой буйгаа хэлэхийг зорив.  Шинэ ертөнцийг нээн таниулж нийгмийн хандлагыг тодорхойлох нандин үүрэг хүлээсэн нийгэмд чухам нөлөөлөх хүч чадалтай урлагийн ах эгч нартаа амжилтын дээдийг ерөөе. Та бүхний оюуны гайхамшгаар бид цэнэглэгдэж хөгждөг юм шүү.
нийтлэгдсэн өөр бусад цахим хуудас: http://www.smasjp.com/archives/1150

1 comment: