2013-10-22

Хүртээмжтэй орчин, Түмэндээ зориулж бүтээе

Та “хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэж яг ямар хүнийг хэлэх бол гэж нэг удаа бодож үзсэн болов уу? Xарааны бэрхшээл, сонсголын бэрхшээл, хөдөлгөөний бэрхшээл, оюуны бэрхшээл, хэл ярианы бэрхшээл гэж ангилагдана. Харааных гэхээр тас харанхуй, сонголынх гэхээр таг дүлий мэт санагдаж байж мэднэ. Би анх энэ талаар ойлголтгүй байхдаа тэгж л боддог байсан.

2012 оны 9-н сард нэгэн арга хэмжээнд сайн дураар оролцсон юм. Хорооллын баруун хязгаарт байрлах “Түгээмэл хөгжил төв”-өөс зүүн хязгаарт хүртэл тэргэнцэртэй иргэд олонд өөрсдийгөө гайхуулах гэсэндээ биш, олны дунд бид байдаг юм шүү гэсэн “дуу хойлой”-оо хүргэхээр олуулаа дугуй мушгисан. Бидний нуруун дээр “Хүртээмжтэй орчин, Түмэндээ зориулж бүтээе” гэх энэ үг бичээстэй байсан. Энгийн бөгөөд маш ихийг хэлсэн үг. Эрүүл саруул гэгддэг бид дэлгүүр, аптек, банк гээд олон нийтийн газруудруу давхиад ороход тийм ч их асуудал байдаггүй ээ. Гэтэл Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд маань ганц шат, замын бордюр томоохон саад болдог. Тэр өдөр оролцоод явж байхдаа жолооч нарын бухимддаг машин замаас явган хүний зам нь долоон дор юм байна гэдгийг биеэр мэдэрч билээ. Түрээд явахад машин замаар явсан нь аюултай хэдий ч илүү амар байсандаг.
2010 оны байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 113,000 хөжглийн бэрхшээлтэй иргэн бидний дунд байдаг гэсэн судалгаа бий. Та магадгүй ийм их тоо байсан юм гэж үү гэж бодож байгаа болов уу. Тиймээ хүн амын маань 5 орчим хувийг, хорин таван хүний нэгийг эзлэх тоо юм. Энэ тооны 39,000 нь хүүхэд гэсэн судалгаа бий. Энэ тоо нэг талаараа их эргэлзээтэй тоо юм шүү. Учир нь гэвэл манай хуулинд хөгжлийн бэршхээлтэй иргэнийг чадамжийнх нь хувьд ангилах аргачилал их “бүдүүн” байдаг гэж хэлж болно. Жишээлэх юм бол алхаж явахаас бусад бүх чадамжтай тэргэнцэртэй иргэнийг хөдөлмөрийн ямар ч чадамжгүй гэж тодорхойлсон байдаг. Тиймээс ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болох нь олонтаа.
Налуу замыг та бүхэн дэлгүүр болон бусад газраар явахадаа харж анзаарч байсан уу? Дийлэнх нь ачаа барааны зориулалттай байдаг харагддаг. Хэт налуу байдгаас ч болоод тэр үү хүүхдүүд гулсуур болгон тоглох нь элбэг. Налуу замын уналт нэг метрт 15 градусаар унах гэсэн стандарт байдаг гэсэн. Тэргэнцэртэй хүн, хүүхэдтэй ээж, хөгшин хүн, товгор зам, өнгийн ялгаралтай шат гээд хөгжлийн бэрхшээлтэй хүн ороод гарах боломжийг бүрдүүлсэн барилга барихад нийт зардлын 0,7 хувьтай тэнцэх үү үгүй гэдэг. Мэргэжлийн хяналт, улсын комиссын ажилтан шинээр баригдсан барилга байгууламжийг хүлээж авахдаа ч мөн тоодоггүй бололтой. Хэрвээ “налуу зам алга, улсын комисс авахгүй” гээд хэлдэг хүн байдаг бол өнөөх “хүртээмжтэй орчин” маань бүрдэх юм болов уу?
Нийгэм хэрхэн бүрддэг вэ? Бидний сайхан Монголын нийгэм хүүхэд, багш, эмч, цагдаа, өвөө эмээ, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн та болон биднээс бүрдэж байна. Нэг анги нэг хүүхдээ орхиод зугаалгаар явахад нэг л гунигтай байдаг шиг бид нийгмийнхээ нэг хэсгийг гээгээд сайхан нийгмийг цогцлооно гэдэг бол их л гунигтай хэрэг болох болов уу?
Б.Тэлмэн 2013 оны 10.21

No comments:

Post a Comment