2013-08-17

Сүүдэр бидэн хоёр ①

2013 оны 8 сарын 11-ны өглөө сүүдэр бид хоёр гэрээсээ гарлаа... Гадаа нартай сайхан байсан тул сүүдэр анд маань хамт байлаа. Булган аймаг орж нутгийн хүмүүстэй уулзаж, орчин цагийн байдлыг нэг харахсан гэж би аралын орон Япон дээрх тэнгэр дээр байхдаа мөрөөдсөөр нутагтаа ирээд алс хол хөдөө нутгийг зүгэлсэн минь энэ билээ... 

Аялалын зорилго өөрөө ердөөсөө ойлгомжтой, аймгийн сумдуудаар орж амьдрал үзэж, хүнтэй учрах л байсан. Тэр хүмүүстэй тойруу яриагаар аминдаа бүхнийг ойлгочих гэсэн гэнэн бодолтой 22-н товчоо гараад давхилаа... 


Нэг мэдэхэд Дархан тэгээд Эрдэнэт түүний цаана 40 км яваад Булган аймгийн төв. Хол замд явахад харааны тусгал тээээр хол ойчиж унаад нүд сэтгэл амрах шиг. Ганц жил ирээгүй надад гачин* сайхан байлаа. Аймгийн төвд үдээс хойш буугаад зочид буудалд буулаа. Уг нь майхан сав, газан пилээтиктэй байсан л даа. Аймгийн төвийн нутгийн ах нараас битүүхэндээ айсандаа ч тэрүү буудалд буув... Орой засаг даргатай буу халахаар гартал уулздаг өдөр нь биш байж таараад нарийн бичигтэй нь хэдэн үг солиод гарав. Аймгийн төвөөр хэсэг тойроход надад олон юм харагдлаа... Халамцуу ах нар биляард тоглоод, хэдэн амбасын үеийн байранд өргөтгөл хийгдэж, дэлгүүр гуанзхан л байлаа. Өөр тэр гээд хэлчих олигтой юм огт байсангүй. Төвийн гудмаар баар диско караоке эгнээтэй байлаа. Айраг ааруул худалдаалах бөөний төвөөр орж ганц литр айраг авч Булган аймгийн орлогод 2000 төгрөг нэмэрлэж орхив. 

Тэнд нэг сайхан юм байсан. Тэр нь алаг салатны шилтэй гүзээлзгэнэ. Амт гэж айхтар байна аа. Шүлс асгарааад л идэж өгсөн. Галуу шувууны оронд байх ганц том гүзээлгэнийг Монголын зэрлэг гүзээлзгэнэтэй харьцуулбал тэнгэр газар л гэсэн үг. 

Аймгийн төвийн мэдээллийн самбар дээрээс хэдэн тоо статистик харж аваад маргааш өглөө нь Уньт тосгоныг зүглэв. Уньтыг хүмүүс сум гэж их андуурдаг. Гэтэл тэр нь тосгон байж. Яагаад гэхээр сумын дайтай тосгон. Яагаад сумын дайтай гэхээр Хөвсгөл явах төв замын дагуу байдаг. Уньтыг зорьсон минь учиртай. Жоохон цааш яваад өвөөгийн маань овоо байдаг юм. Нэг эргэж тойрох нь том ажлын маань нэг байлаа. 

Одоо ёстой хөгжилтэй явдлууд эхэлж байгаа юм даа. Уньт хүртэл засмал байсан. Би засмалаар хаазлаж яваад мал мөргөж орхив, замын хажуугаас огцом цогин гарч ирэх мал хараад тоормоз гишгээд баралгүй бөөр гуянд нь хусаад л хаясан. Машааны маань урд гэрэл хагарч үлдэхэд мал харин яагаа ч үгүй цааш давхиад л явсан. Гэмтээгүй байгаа даа гэж их санаа зовж, гэмшиж хоцорсон доо. Сүүдэр надад юу ч хэлсэнгүй. Болоогүй байна даа гэж дотор минь шивнэх нь тэр. Үүнийг ухаарал номер нэг гэе. хэхэ

Уньтаас цааш Хутаг-Өндөр гэж сум бий. Хөвсгөл явсан хүмүүс сайн мэдэх байх. Булганы хоёр том сумын нэг. Би Хутаг оролгүй урагш буцан Сайхан сумруу мордлоо... Сайхан юугар алдартай гэхээр Айргаараа алдартай. Давхиж яваад жижиг хөтөл даваад уруудахад их олон айл намаржсан, зуссан сайхан том хөндийд далай шиг их хонь бэлчиж байлаа. Сайхан сум орж ирэх дөхөж байтал бараа нь байдагүй би яг буруу явна гэж бодоод айлаас орж асуулаа. Тэгтэл яах аргаггүй хэтэрсэн тууж явсан байна лээ. Замаа сайтар заалгаж аваад хөдлөв. Буцаж эргээд сал гэсэн замаар нь урагш салаад явахад надад хоёр дахь ухаарал минь ирнэ дээ. Замаар урагш даруулан салаад хөтөл даваад сайхан замаар салхи татуулан давхиж явтал тас хийгээд цонх хагарав уу яав гэмээр чимээ гарлаа. Буугаад эргэж тойроод хартал урд дугуй хойд дугуй зэргэцээд буудсан байлаа. Нэг л юм дайрч гээд эргээд замаараа алхахад нуруу өөд тусах нар, миний урд газар тусах сүүдэр бас нэгийг хэлнэ. Дөхөж очоод хартал өвсөн дунд айхтар том чулуу байж. Байдлыг ойлгосон, одоо яах вэ гэдэг үлдэж байгаа юм. Солионы ганц дугуйтай явсан би нэгийг нь солиод тавихад өнөөх нь яах билээ. Хээр ингээд явгарч байгаа юм даа. Урагш хойшоо хартал хойд уулын бэлд овоо бэл бэлчинтэй гэмээр том хашаа байж нэг сэтгэл амрах шиг. Айл уруу алхтал ойрхон харагдаж байгаа хэрнээ овоо хөөрхөн алхуулав. Айлын гадаа ирээд хүн суртал, нэг эгч гарч ирээд “яасан” гэлээ. Их л сонин санагдлаа. Эгч минь та л надад тусла. Дүү нь ингээд хээр хонох боллоо гэхэд. “чадахгүй” гээд шилбэлзэв. За за яриа байхгүй хүн байна ерөөсөө болъё оо гээд явлаа. Ганцаар байсан эмэгтэй тул эрх мэдэлгүй юм байлгүй дээ гэж бодоод уруудлаа. Уулын бэлд хоёр ах мод хөрөөдөж байхыг хараад эзэд нь бололтой гэж бодоод нэг тус дөхүүлнэ байгаа хэмээн найдсаар өгслөө дөө. Хоёр ах биш ах эгч хоёр байлаа. Мэнд ус мэдэлцээд, учир явдалаа хэлтэл ах эгч хоёр нааштай хариу хэлэв. Саяны яриа муутай эгчийг баян айлын “зарц” гэв. Би юу ч хэлсэнгүй. Ах эгч хоёр саяны эгчээс шал тустаа өөр хүмүүс бөгөөд ойрхон хаваржаа захиалгаар барьж байгаа гэнэ. Би та хоёрын хаваржаа барьж байгаад тань туслъя та хоёр харин миний дугуйг сумруу дөхүүлж өгөлцөөд өг тэгэх үү гэж гуйлаа. Ах эгч хоёр зөвшөөрөв. Хаваржааны мод хөрөөдөж, хэдийг тавиад хөдлөх боллоо. Ахын мотоорциклээр 8 орчим км Сайхан сумруу салхи татуулж давхихад эгч миний машиныг хараад үлдсэн юм. Мотоорциклоос гэнэт сайхан дуу дуугархаар нь өнгийгөөд хартал жолоон дээрээ том хоёр чанга яригч зоогоод, эмпи3-р дуу чарлууллаа. Сайхан сумруу сайхан л дөхлөө. Сумандаа ганц дугуй засварчинг сурж очоод дэлбэ буудсан дугуйгаа өгөхөд “ингэн байж жолооч болох хэрэг юу байна” гэж зандруулж нэг аваад засуулж авлаа. Ах минь ахиад нэгийг авчирна шүү дээ гэхэд “хммм одоо ингээд замаа хардаг жолооч бол доо” гэж сургав. За хөөрхий би ч болоогүй байна даа гэж бодсоор буудсан дугуйг арай хийн бөмбийлгөж аваад буцаааад л давхилаа. Дугуй засварчин ах “наадах чинь эр нь л найгүй шүү” гэж хэлсэн дэг. Ингэж нааш цааш сажилсаар хоёр дугуйтай болж авлаа. Ах эгч хоёр Сайхан сумд хэнийд ирж яваа юм гэхэд би “таньж мэдэх хүнгүй ээ аялаж яваа юм өө” гэхэд “манай гадаа хоно, хоол ид, айраг уу” гээд намайг гэрийнхээ гадаах талбайд майхан барих зай гаргаж өглөө. Ах ер нь бол ажилгүй, эгч сургуулийн үйлчлэгч хийх бөгөөд, хүүхдүүд нь мал дээр хэдэн малаа манаад байгаа гэсэн. Бага охин нь хамт байдаг юм билээ. Түүнийгээ “Эрх бор” гэж өхөөрдөнө. Амьдрал нь бол хангалуун сайхан харагдах ч, гаднаасаа бол надад их л ядруу хэцүү л харагдаж байлаа. Тэнд дутагдах юм юу “юм” болоо гэж тэр шөнө бодож билээ...

Тэр орой тэгэс хийгээд өнгөрч маргааш өдөр боллоо. Баярлаж талархсанаа хэлээд би Орхон сумруу хөдөллөө. Дөт зам их муу гэсэн сургаар буцаад аймгийн төвөөр дайрч очих болов. Дугуй муутай байсан тул хоёр дугуйгаа аймгийн төв дээр найдвартай болгож аваад Орхон сумруу залав. Аймгаар дайраад гарсан нь ч болсон юм. Зам ч гэж зам ёстой айхтар байлаа... Ойрын хэдэн хоног бороо ихтэй голууд жил бүр урсдагаасаа хоёр дахин өргөн урсаж, гүүр далан нурсан зам харгуй эвдэрсэн хүндхэн л байв. Аймаг дээр дугуй гэж овоо цаг алдсан болоод ч тэрүү Орхон сумаас 4 км зайд Орхон голын хөндийнд сүрлэг том хясааны ёроолд майхнаа барьж аваад эртхэн амрахаар шийдлээ. Цаг дөнгөж 5 6 болж байлаа. Гиеүрч эхлэв. Ойрхон айл орж аяга тараг олж авах санаатай мунгинаад л алхлаа даа. Цаг шахуу алхаад айлд дөхтөл нохой нь ойртуулдаггүй. “Нохой хорь оо!!” “Хүн байна уу” гэж хичнээн ч их чарлав байдаггүй шүү. Тэгсэн жоохон охин гарч ирээд хүн ирлээ гээд буцаад ороод том хүн дуудлаа. Би ч нохойноос айсан хүн нохой гайгүй юу гээд гэрлүү нь орлоо. Өчигдөр айлд гурилтай шөл идсэн. Өнөөдөр банштай цайн дээр таардаг амны ч хишигтэй байна даа гэж бодож суув. Айлын эгч их яриа гоё гоё юм яриад инээд хөөр ихтэй байлаа. Түрүүнд цухуйж гарч ирсэн жоохон охиноо “сагсуу шар” гэж өхөөрдөнө. Банштай цай идчихээд үнээ саахаар гарцгаалаа. Гурван хүүхэд нэг оюутан охин тэгээд эгч байлаа. Би тугал татаж өгөх санаатай хотонд нь хэсэг харж зогсохоос өөр юм чадсан ч үгүй. Жоохон хүүхдүүд үхэр малаа таних гэж жигтэйхэн. Тугалыг нэг нэгээр гаргаад л татаад л хүлээд л. Би зураг дараад л. Цаг гаруй алхаж ирсэн болохоор харанхуй болж буцах тийшээ хандлаа. Эгчээс аяга тараг “үнэгүй” аваад буцлаа. Би тараг сүү хэдтэй байна гэж асуухад надаас эгч “хэдтэй байдаг юм бэ дээ?” гэж зөрүүлж асуун “жоохон юманд үнэрхээд яахав дээ” гээд угсруулав. 

8 comments:

  1. kk uneheer saihan temdeglel bolson baina,4 jiliin umnu bi bas anh udaa geriihenteigee huwsgul ruu ayalsan yum zam yag l iimerhuu zuil tohiolddog yum bilee, hed heden udaa dugui hagarch bilee, bas binzen ni duusaad buur 94 ch biluu hamgiin muu shathuun hurtel hiisen zarim uruu gazar luu ni manuldaad kk hugjiltei yum bilee, bulganii hed heden sum, huwsguliin 5,6n sumaar dairsan sumiin amidral yag l adilhan bdag yum bilee. Bas huduunii humuus tusch dailamtgai baidag yum bilee, huwsguliin murungiin naahan neg oroi honoh bolood tegsen 2 nohoi bidniig shunujin manaj honoson ih sonin, tgd ugluu bolson chin yawaad ugchihsun. ehendee aisan suuldee hoollood yag l ezen shig ni bolson kk. neerei herwee huwsgul yawahdaa zamd taarsan zarim neg huniig suulgaad awaad yawahgui bol haraachihdag yum bn lee shu, bidniig murun orohiin naahan neg egch zamd murun ortol suugaad yawii geheer ni zai bhgui ee geed suulgaagui tgsen 50 m holdolgui dugui hagarchihsan. za za bicheed baiwal ih l yum boloh yum shg bna uurii chin temdeglel shig kk

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу, ёстой урт Хөвсгөл явсан юм шиг л хариу сэтгэгдэл байлаа штээ... Би бас 5 6 жилийн өмнө Хөвсгөл явж байсан... Их сайхан нутаг байсан. Хөдөө явахад асуудал байхгүй байхаар бас уйтгартай ч юм шиг. Олон сонин юм болсон нь дурсамжтай юм аа. Тэр хараадаг ч тохиолдлых л байх даа. Гэхдээ бас их сонин юмаа тэ...

      Delete
  2. Сайн байна уу?
    Тэмдэглэлийг нь уншлаа. Сэтгэгдэл өндөр байна. Миний бие өөрийн тань адил тэмдэглэл хөтлөх дуртай. Сайхан санаа өвөртөлсөн гэж бодож байна. Бичсэн үг бүр нь бусдыг ухааруулж байхыг ерөөе.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу?

      Сэтгэл өндөр хариу бичсэнд тань маш их баярлалаа. Таны тэмдэглэлийг бас уншихсан. Надад холбоосоо өгөөрэй.

      Delete
  3. Үргэлжлэлийг тань заавал уншинаа. Монголд ирсэн гэсэн. Хэзээ буцах вэ?

    ReplyDelete
    Replies
    1. Үргэлжлэлийг удахгүй оруулна. Монголдоо ирээд сайхан амарч байна. 9-р сарын сүүлээр буцна хө.

      Delete
    2. Үргэлжлэлээ бичлээ... :)
      http://btelmen.blogspot.com/2013/09/blog-post.html

      Delete
  4. Нэг ингэж аялах юмсан. Нүдэнд харагдтал гоё бичжээ

    ReplyDelete